75 жилийн ойн босгон дээр МУИС-ийг 2056 бакалавр, 346 магистр, 16 доктор төгсөж мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа

МУИС-ийн Эрдмийн баяр нь Монголын шинэ үеийн төлөөлөл болсон залуу мэргэжилтэн, дээд боловсролтой иргэнийг нийгэмд бэлтгэн нийлүүлж байгаа МУИС-ийн эрдэмтэн багш нар, хамт олон төгсөгчид, тэдний төрөл төрөгсөд, найз  нөхдийн баяр, бахархлын өдөр байдаг. Энэхүү өдөр нь Төгсөгчдийн хувьд төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙНХАА нэр хүндийг өргөх, эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо зориулах итгэл үнэмшлийг төрүүлдгээрээ чухал ач холбогдолтой байдаг.

МУИС-ийн 72 дах удаагийн төгсөгчид сургуулийнхаа түүхт 75 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн баярын жагсаалыг хийж сургуульдаа хүндэтгэл үзүүлснээр сургуулийнхаа эрдэмтэн багш, профессор нараас мэргэжлийн ромбо дипломоо гардан авсан юм.

МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ: Өнөөдөр 75 жилийн түүхтэй МУИС-ийн 72 дах удаагийн  төгсөлтийн ёслолын ажиллагаа болж байна. Монгол түмний бахархал болсон МУИС нь МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ҮНДЭС БОЛЖ ҮНДЭСНИЙ ЗАГВАР БОЛОН ХӨГЖИХ ЭРХЭМ ЗОРИЛГЫГ ДЭВШҮҮЛСЭН. ЭНЭХҮҮ ЭРХЭМ ЗОРИЛГО БИЕЛЛЭЭ ОЛОХ ИЛЭРХИЙЛЭЛ НЬ ТӨГСӨГЧ ТА БҮХЭН БАЙХ БОЛНО.

Монгол орныхоо хөгжлийг шинжлэх ухаан  мэдлэг, өндөр технологийг эзэмшсэн, эрдэм боловсролтой залуу үе та бүхэн тодорхойлно. Бид шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд тэргүүлж байна. Үүний тод жишээ бол МУИС 75 жилийнхээ ойн босгон дээр залуу эрдэмтэн судлаачдынхаа бүтээсэн Мазаалай хиймэл дагуулыг сансарт хөөргөж түүхийн хуудаснаа МУИС-ийнхаа нэрийг мөнхөлж чадлаа. Мазаалай хиймэл дагуул хөөргөх үйл явцад манай оюутнуудын оруулсан хувь нэмэр маш их. Өнөөдөр МУИС-ийг төгсөж байгаа та нар маань үе үеийн төгсөгчдийн бахдам уламжлалыг үргэлжлүүлэн ирээдүйгээ нэр төртэй  цогцлуулж, Монгол улсынхаа нэрийг дуурсгасан их нээлт, амжилт бүтээлийн эзэд болно гэдэгт төрөлх сургуулийн хамт олон бид итгэл төгс байна хэмээлээ.

 

Төгсөгчдийн баярын парадаар үүдээ нээсэн ёслолд зөвхөн төгсөгчид төдийгүй МУИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар хүндэт докторын өмсгөлөөрөө гоёж ирсэн нь Эрдмийн баярыг улам тодотгож байлаа.

Амьдралдаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлэхээр зэхэж байгаа төгсөгчид та бүхний цаашдын ажил хөдөлмөрт  амжилт хүсье.