Түүхэн товчоо

Бизнесийн сургууль нь Монгол улсын дээд боловсролын шинэчлэл, Монгол улсын их сургуулийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд МУИС-ийн Удирдах Зөвлөлийн 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 05 тоот тушаалаар хуучин Эдийн засгийн сургууль, Худалдааны сургуулийн суурин дээр байгуулагдсан.

Анх 1940-өөд оны сүүл үеэс МУИС-д эдийн засгийн дээд боловсролтой мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж эхэлснээр эдийн засаг, бизнесийн чиглэлийн сургууль байгуулагдах үндэс суурь тавигдсан бөгөөд улмаар 1958 онд Эдийн засгийн факультет нэртэйгээр их сургуулийн бүтцийн бие даасан нэгж болон зохион байгуулагджээ. 1959 оны сүүлээр тухайн үеийн эрх баригч намын болон төр засгийн удирдах ажилтныг бэлтгэж байсан Намын дээд сургуулийг татан буулгаж, түүний оронд Д.Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургуулийг МУИС-иас өрх тусгаарлан зохион байгуулжээ. Эдийн засгийн сургууль 1959 оноос Худалдааны эдийн засаг, 1960 оноос Нягтлан бодох бүртгэл, банкны ангиудыг тус сургуулийн бүтцэд шинээр нээсэн нь бизнесийн чиглэлээр үндэсний дээд боловсролтой сэхээтнийг бэлтгэх үйл явцын эхлэл байсан юм.

1967 онд Эдийн засгийн дээд сургуулийг татан буулгаж, МУИС-д буцаан нэгтгэсэн бөгөөд тухайн үед тус сургууль нь төлөвлөлт, санхүү, банк-зээл, бүртгэл шинжилгээ, статистик, салбарын эдийн засаг, инженер эдийн засаг зэрэг төрөл бүрийн мэргэжлээр  дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэдэг үндэсний томоохон сургууль болон бэхэжсэн байв. Эдийн засгийн сургуулийг татан буулгаж, МУИС-д нэгтгэсний дараа Эдийн засгийн факультет (1967-1991), Инженер – эдийн засгийн факультет (1967-1974) гэсэн тусдаа бүтцүүд бий болсон байна.

Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 247 тоот тогтоолоор МУИС-ийн харьяа Политехникийн дээд сургуулийг байгуулсан бөгөөд 1974 онд Инженер-эдийн засгийн факультетыг уг сургуульд харьяалуулсан байна. МУИС-ийн Политехникийн дээд сургууль одоогийн ШУТИС байгуулагдах үндэс суурь нь болсон билээ. Мөн онд Сайд нарын Зөвлөлийн 24-р тогтоол гарч, МУИС-ийн бүтцэд Эдийн засгийн факультетаас гадна худалдааны салбарын дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэдэг Худалдаа-эдийн засгийн факультетыг байгуулж, дээр өгүүлсэн худалдааны эдийн засагч, худалдааны нягтлан бодогч зэрэг мэргэжлүүдээс гадна бараа судлаач, нийтийн хоолны инженер – техологич зэрэг мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх болсон байна. 1988 оны намар Худалдаа-эдийн засгийн факультетыг МУИС-ийн Эдийн засгийн факультетэд нэгтгэсэн.

1990-ээд оныг хүртэл МУИС эдийн засгийн дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэхдээ хуучин ЗХУ болон социалист орнуудын их дээд сургуулиудтай хэлхээ холбоо тогтоож, арга туршлагуудаас нь суралцахын хамт тэдгээр орны аспирантур, докторантурт багш нараа явуулж суралцуулах, мэргэжил дээшлүүлэх зэргээр дээд боловсролын системд үндэсний чадавхийг бэхжүүлэх асуудалд онцгойлон анхаарч байв. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх ажлуудын зэрэгцээ оюутны төлөвшүүлэх, хүмүүжүүлэх тал дээр олон талт үйл ажиллагаа явуулж байв. Багш нар ном, товхимол, өгүүлэл, аргачлал нийлсэн олон арван бүтээлүүд туурвиж, тухайн үеийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, багш оюутны олон арван эрдэм шинжилгээний хурал, дугуйланг зохион байгуулдаг байлаа.

1990-ээд оноос төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үйл явцыг дагалдан эдийн засгийн сургалт, судалдгааны орчин нөхцөлд олон томоохон өөрчлөлтүүд гарсан юм. Эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтөөс шалтгаалан өмнө нь мэргэжилтэн бэлтгэж байсан олон хөтөлбөр, хичээлүүд үүсэн бий болсон шинэ хэрэгцээ шаардлагыг хангахаа болж, сургалтын агуулгыг үндсээр нь өөрчлөх шаардлага бий болсон. Үүнийг дагалдан сургалт судалгааны уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн шинэ хичээл болон хөтөлбөрүүдийг боловсруулах, дээд боловсролын шаталсан сургалтын тогтолцоо, кредит системийг нэвтрүүлэх, сургалтын арга технологийг шинэчлэх, англи хэл, компьютерийн сургалтуудыг эхлэх, ном сурах бичгүүдийг олшруулах, шинээр бичих, залуу багш нарыг зах зээл өндөр хөгжсөн орнуудад сургаж мрэгжил мэдлэгийг нь дээшлүүлэх, эрдмийн зэрэг цол хамгаалуулах, гадаад орнуудаас өндөр мэргэжлийн эрдэмтдийг урьж ажиллуулах гэх мэт олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.

2010 онд Засгийн газрын 15-р тогтоол, БСШУЯ-ны Сайдын 319 тоот тушаалаар төрийн өмчийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-д нэгтгэх шийдвэр гаргаснаар бизнесийн чиглэлийн сургалт, судалгаагаар улсдаа томоохонд тооцогдох сургууль МУИС-ийн бүрэлдэхүүнд орж ирсэн юм. Тус сургууль анх 1924 онд Хоршооны түр сургууль нэртэйгээр байгуулагдсан боловсролын ууган байгууллагуудын нэг юм. 1924-1925 онд Хоршооны түр сургууль, 1925-1930 онуудад Хоршооны сургууль, 1931-1937 онд Төв кооперативын сургууль, 1937-1952, 1959-1990  онуудад Худалдааны техникум, 1952-1958 онуудад Хоршооны техникум нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. 1991 онд Худалдааны техникумд Худалдааны техник мэргэжлийн сургууль, Худалдааны мэргэжил дээшлүүлэх курсыг нэгтгэн Зах зээлийн коллежийг байгуулсан юм. Ийнхүү коллеж болон өөрчлөн зохион байгуулагдсанаар тус сургууль бизнесийн төрөл бүрийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн.

Зах зээлийн коллеж 1996 оноос Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болж, сургалт судалгааны үйл ажиллагаа нь өргөжсөн байна. Худалдааны техникумыг дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг үндэсний томоохон сургууль болон хөгжихөд 1990-ээд оны эхээр МУИС-аас тус сургуульд шилжин ирсэн мэргэжлийн багш нар чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-д нэгтгэсний дараа тус сургууль МУИС-ийн Худалдаа, үйлдвэрлэлийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2011 оны 7 сард ХҮДС-ийг татан буулгаж, Худалдааны сургуулийг байгуулсан.

МУИС 1990-ээд оноос дээд боловсролын шаталсан сургалтын тогтолцоонд шилжих, кредит системийг нэвтрүүлэх, их сургуулийн санхүүгийн бие даасан байдлыг хангах, боловсролын агуулга стандартыг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн ойртуулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн боловч эдгээр өөрчлөлтүүд нь МУИС-ийг орчин үеийн судалгааны их сургууль болгон өөрчлөх хэрэгцээ шаардлагыг хангаж чадаагүй юм. Шилжилтийн жилүүдэд МУИС-д хийгдсэн өөрчлөлтүүд түүний үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчлөхөөс илүүтэйгээр түүний оршин тогтнох нөхцлийг хангахад чиглэж байв.

Их сургуулийн хөгжлийн гол хөдөлгүүр болсон багш, оюутны нөөц потенциалыг бүрэн дайчилж, сонголтоос өрсөлдөөн, өрсөлдөөнөөс чанарыг түрүүлдэг, эдийн засгийн хувьд үр ашигтай, нөөцийг оновчтой ашиглаж чадах, ахисан түвшний сургалт, салбар дундын судалгааг хөгжүүлэхэд тохиромжтой бүтэц зохион байгуулалтыг бий болгох, орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадах шилдэг мэргэжилтнийг бэлтгэхэд шаардлагатай хөтөлбөрүүдийг дэлхийн тэргүүлэх сургуулиудтай харьцуулсан жишгийн дагуу бий болгох, шилдэг багш, шилдэг оюутнууд ажиллаж суралцах зайлшгүй нөхцлүүдийг хангасан сургалт судалгааны академик орчин нөхцлийг бүрдүүлж, хараат бус, биеэ даасан эдийн засаг, санхүүгийн бүтэц тогтолцоог бий болгох үүднээс 2013 оноос МУИС-д томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна.

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Удирдах зөвлөлийн 2013 оны 12 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Худалдааны сургуулийг нэгтгэн, Бизнесийн сургуулийг байгуулсан юм. Тус сургууль нь нийт 164 багш ажилтан (үүнээс, үндсэн 80, зөвлөх 8 багш, МСҮТ-ийн 7 багш, хичээлийн болон үйлчилгээний 52 ажилтан)-тай, нийт 4187 суралцагч (үүнээс, бакалаврын түвшний 2971, магистрын 883, докторын 151, МСҮТ-ийн 80 оюутан)-тай бизнесийн сургалт, судалгааны үндэсний томоохон төв бөгөөд санхүү, банк, даатгал, нягтлан бодох бүртгэл, маркетинг, менежмент, бизнесийн удирдлага, худалдаа, зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын 9 үндсэн хөтөлбөрөөр бакалаврын, бизнесийн удирдлага чиглэлээр магистрын болон докторын дараах сургалтыг эрхлэн явуулж байна.