Тус тэнхимээс салбарын байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжиж  гүнзгийрэн хөгжиж ирлээ. Сангийн яам, аймаг нийслэлийн татварын хэлтэс, санхүү төрийн сангийн хэлтэс, арилжааны банк, даатгалын компаниуд, нийгмийн даатгалын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж ирлээ. 2017 оны байдлаар тэнхимийн хэмжээнд дотоодын 15 байгууллага аж ахуйн нэгжтэй харилцан ойлголцлын санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ байгуулан идэвхитэй ажиллаж байна. Манай тэнхим нь  дотоодын байгууллагуудтай харилцаа холбоогоо хөгжүүлж олон хэлбэрээр хамтран ажиллаж  ирсэнээс гадна гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

ОХУ, Плехановын  улсын их сургуулийн УБ дахь салбар сургуультай хамтран ажиллаж жил бүр санхүүгийн секторын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирлээ. Бид энэ хичээлийн жилд 11 дэх удаагийн ОУЭШХ зохион байгуулахаар ажиллаж байна.

Эрхүүгийн Улсын Их Сургууль болон Монгол Улсын Их Сургууль хооронд 2013 оны 11 сарын 1-ний өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Математик, Эдийн засаг, Мэдээллийн Технологийн Институтийн  Экономиксийн тэнхимтэй 2016 оноос эхлэн 5 жилийн хугацаатай  хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна Мөн 2015 оны 7 сараас эхлэн Hong Kong, CFA Институттэй тэнхим идэвхитэй хамтран ажиллаж байна. 2017 оны 1-р сард ОХУ, Байгалийн их сургуульд тэнхимийн багш нар зочилж туршлага солилцон цаашид хамтран ажиллах эхлэлийг тавиад байна.

Манай тэнхим 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн Польш улсын Лодзын их сургуультай хамтран 2+2 бакалаврын сургалтын хөтөлбөрийг Банк болон Санхүүгийн мэдээллийн систем мэргэжлүүдээр хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаад байна.

2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн манай тэнхим Хаан банк болон банкны мэргэжлээр дээд боловсрол олгодог төрийн болон төрийн бус их дээд сургуулиудтай хамтран “Хэн сайн банкир болох вэ” мэргэжлийн олимпиадыг жил бүр зохион байгуулж ирлээ. Мөн 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн СЭЗДС болон санхүүгийн мэргэжлээр бакалаврын түвшний сургалт явуулдаг төрийн болон төрийн бус их дээд сургуулиудтай хамтран Санхүүгийн менежментийн улсын олипиадыг зохион байгуулж манай салбарын оюутнууд жил бүр амжилттай оролцож тэргүүн болон дэд байруудыг эзэлсэн амжилтаар дүүрэн он жилүүд өнгөрлөө. 2015-2016 оны хичээлийн жилээс Банк санхүүгийн академитай хамтран “Шинэ үеийн банкир” хөтөлбөрт оюутнуудаа хамруулах, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, багш нарын чадавхийг сайжруулах, харилцан туслалцах талаар гэрээ байгуулан хэрэгжүүлж ирсэн.

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian