“Багш, оюутны стартап-2018” -д БС-ийн багш, оюутнууд амжилттай оролцлоо
2018 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд хэрэгжүүлсэн “Багш, оюутны стартап-2018” хөтөлбөрийн шилдэг гарааны компанийн төслийн шалгаруулалтын уралдаанд Бизнесийн сургуулийн оюутнуудын “Active now” баг Ideax үүрдэг цамц санаагаараа амжилттай оролцлоо. Аctive now баг нь анх Төслийн менежент хичээлийн хүрээнд санаачилан боловсруулж байсан бизнес санаагаа улам хөгжүүлж уг тэмцээнд оролцсноор шүүгчид болоод оролцогчдын сонирхолыг ихэд татсан төдийгүй, Үндэсний Стартап Фанд ХХК-ийн coworking space-д нэг сар үнэ төлбөргүйгээр байрлаж санаагаа улам хөгжүүлэх тал дээр зөвлөгөө, тусламж авах эрхээр шагнагдсан юм. Мөн Зээлийн батлан даалтын сан, Оюуны өмчийн газрын төлөөлөгчид цаашид хамтран ажиллах туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн билээ. Оюутнуудын маань бизнес санаа нь нэг хэрэглээгээр хоёр хэрэгцээг хангах, оюутан залуусын хувьд байнга тохиолддог “өглөө даараад, өдөр халууцах уу” гэсэн асуудлыг шийдэх зорилготой. Уг санаа нь одоо хэрэгжиж анхны загваруудаа гаргасан бөгөөд анги, хамт олны захиалгаар цамцаа үйлдвэрлэн нийлүүлж амжсан байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төв, хамтран зохион байгуулсан Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төв, ХШУИС-ын хамт олондоо баярлалаа. Цаашид уг арга хэмжээнд амжилттай оролцох бүрэн боломжтой тул Бизнесийн сургуулийн багш, оюутнууддаа уриалж байна. Амжилттай оролцсон Э.Отгон-Эрдэнэ /СМ-3/, Г.Нарантулга /НББ-3/, А.Мягмарсүрэн /НББ-3/, З.Мөнгөнтуяа /СМ-3/, Д.Нарантуяа /СМ-3/, Ж.Цэрэнчимэг /СМ-4/ оюутнууд болон удирдаж оролцсон Менежментийн тэнхимийн багш Д.Батцэцэг нартаа ажлын амжилт хүсье.