МУИС, БС-ийн Менежментийн тэнхимийн дэргэдэх Regnum клуб
МУИС, БС-ийн Менежментийн тэнхимийн дэргэдэх “Regnum” клуб нь 2019 оны 02 сарын 26-ны өдөр үүсэн байгуулагдаж, “Гишүүдээ шилдэг менежер болгон төлөвшүүлэх” эрхэм зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна. Анх менежментийн тэнхимийн багш Б.Лхамцэдэнгийн санаачлагаар энэ үеийн 3 курсын оюутнууд клубыг үүсгэн байгуулан, клубын тэргүүний сонгууль зарлан хуралдаж 3-р курсын оюутан Б.Баяржаргал сонгогдож, дүрмээ баталж, үйл ажиллагааныхаа чиглэлээ тогтоон гараагаа эхэлсэн түүхтэй.
Манай клуб нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний оюуны боловсролд нь хувь нэмэр болох үүднээс дараах ажлуудыг зохион байгуулдаг.
• Сар бүр шилдэг менежерүүд болон лекторуудыг урьж илтгэл уншуулах
• Гишүүдийнхээ ерөнхий ур чадварыг сайжруулах сургалт явуулах
• Оюутнуудаа дадлага хийлгэх албан байгууллагад зуучлах
• Үйлдвэрлэл, үйлчилгээний газруудаар танилцах аялал зохион байгуулах
• Оюутнуудын хооронд номын зуучлах худалдааг зохион байгуулах
• Менежментийн мэргэжлийг таниулан сурталчилах
• Клубынхээ эрхэм зорилгод нийцсэн бусад компанит ажлуудыг зохион байгуулах
Бидний анхны үйл ажиллагаа клубынхээ удирдах зөвлөлийн гишүүдийн хоорондын харилцааг сайжруулан хооронд нь танилцуулах үүднээс Богд Уулын аялал хийж цэвэр агаарт хоорондоо тоглож наадан нэг өдрийг өнгөрүүлсэн нь клубын гишүүдийг нэгдэн нягтрахад маш дөхөмтэй үйл ажиллагаа болсон гэж үздэг. Бид энэхүү нөхөрлөлийн үр дүнд клубийнхээ олон ажлуудыг хамтран зохион байгуулж, нэгдмэл нэгэн сэтгэлээр ажил бүрийн ард гарч, амжилттай ажиллаж ирсэн.
Клубынхээ үйл ажиллагааны хүрээнд “Монголын үйлдвэржилт сорилт-ба шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Үндэсний үйлдвэрлэл хүнс хөдөө аж ахуйн инновацийн зөвлөл ТББ, тэнхимийн С.Санасэр багштай хамтран 2 үе шаттайгаар 2019 оны 3-р сарын 4нөөс 3-р сарын 19ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулсан.