ОЛОН ТАЛТ ХУДАЛДААНЫ ТОГТОЛЦОО БА ДХБ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ГХЯ-наас ДХБ болон ГХЯ-ны дэргэдэх Дипломат академи, МУИС-ийн Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран “Олон талт худалдааны тогтолцоо ба ДХБ” сэдэвт сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд МУИС-ийн Бизнесийн сургууль дээр зохион байгуулав.
Энэхүү сургалт нь манай Засгийн газрын зүгээс 2018 онд тавьсан хүсэлтийг ДХБ-аас хүлээн авч Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон үндэсний хэмжээний 4 сургалтын эхний сургалт нь юм.
Сургалтаар олон талт худалдааны тогтолцоо, ДХБ-ын үндсэн зарчим, худалдааны бодлого хэрэгжүүлэх арга хэрэгсэл, гадаад зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг, экспортын татаас олгох болон бараа, үйлчилгээний худалдааны тухай ойлголт, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн худалдааны хэлэлцээр зэрэг өргөн хүрээний асуудлаар мэдээлэл танилцуулга хийв.
Түүнчлэн, сургалтын үеэр ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд байгуулсан манай улсын Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо, тус хорооноос хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний талаар сургалтад оролцогчдод ГЕГ-аас товч мэдээлэл хийв.
Сургалтад холбогдох яам, агентлаг, эрдэмтэн, судлаачид, багш нар, хувийн хэвшлийн төлөөлөл идэвхитэй оролцож, сонирхсон асуудалдаа хариулт авч, өөрсдийн хариуцсан чиглэлээрх мэдлэг, мэдээллээ чөлөөтэй солилцож ажиллав.
Энэхүү сургалт нь олон талт худалдааны тогтолцоо ба ДХБ-ын талаарх олон нийтийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэхээс гадна худалдааны асуудал хариуцсан холбогдох яам агентлагийн үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, худалдааны хэлэлцээ хийх чадавхийг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.