Хамтарсан хөтөлбөрөөр суралцах анхны оюутнууд БНПУ-ыг зорив.
Монгол улс болон Бүгд Найрамдах Польш Улсын (БНПУ)-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургууль БНПУ-ын Лодзийн их сургуулиуд хамтран 2+2 бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2019-2020 оны хичээлийн жилд байгуулсан билээ.
Уг хөтөлбөрт МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү, Банк, Даатгал, Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд жил бүр 15 хүртэлх оюутныг Лодзийн их сургуулийн Эдийн засаг-Социологийн сургуульд үргэлжлүүлэн суралцах нөхцлийг дээрх хэлэлцээрээр бүрдүүлж өгсөн байдаг.
Хамтарсан хөтөлбөрт суралцах оюутнууд Польш хэлийг эх орондоо ахисан түвшинд эзэмшсэн байх нь голлох шалгууруудын нэг тул Бизнесийн сургууль энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимтэй хамтран ажиллаж байна.
2020-2021 оны хичээлийн жилд Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн 2-р түвшний 3 оюутан Лодзийн их сургуульд үргэлжлүүлэн суралцахаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНПУ-ыг зорив.
Хамтарсан хөтөлбөрт суралцахаар явж буй оюутнуудтай Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар гурвалсан гэрээ байгуулж, Монгол улсын болон МУИС-ийнхаа нэрийг өндөрт өргөн, амжилттай суралцахыг хүслээ.