Эн Си Си Боловсрол байгууллагатай хамтарсан бизнесийн удирдлагын хөтөлбөрийн төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Их Британийн Эн Си Си Боловсрол байгууллагатай хамтарсан бизнесийн удирдлагын бэлтгэл, бакалавр, магистрын хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Төгсөлтийн үйл ажиллагаанд Бизнесийн сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгч доктор, профессор Ч.Энхбаяр, Менежментийн тэнхимийн доктор, профессор Н.Сонинтамир, Менежментийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор, Д.Энх-Отгон, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн нар оролцож төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажил, сурлагт амжилт хүслээ.
Өнгөрөгч хичээлийн жилд магистрын 3 суралцагч монгол дахь нэг жилийн хөтөлбөрийг амжилттай төгсөж гэрчилгээгээ гардан авсан байна.
Эдгээр төгсөгчид ирэх хичээлийн жилд Их британийн 0,5 жилийн хөтөлбөрт сурадцаж магистрын зэрэг хамгаалахаа илэрхийлсэн байна.
Мөн бакалаврын суралцагчид амжилттай төгсөж Английн University of Worcester сургуульд суралцаж байна.
Их дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрийг төгсөгчид энэ хичээлийн жилд Level 4 Diploma in Business буюу дараагийн түвшинд шилжин суралцаж байна. Эдгээр төгсөгчдөөс 2018-219 оны хичээлийн жилд Английн University of Westminster сургуульд Business Management (Entrepreneurship) мэргэжилээр шилжин суралцах гэж буй зэрэг амжилтдуудаар Эн Си Си хөтөлбөрийн өнгөрч хичээлийн жилийн үйл ажиллагаа дүгнэгдлээ.
Төгсөлтийн үйл ажиллагааны үеэр төгсөгч оюутнууд хөтөлбөрт суралцсанаар гарсан эерэг үр дүнгүүдийн тухай сэтгэгдлүүдээ илэрхийлж байснаас Level 5 Diploma in Business хөтөлбөрт амжилттай суралцаж төгсөн, ажлын гараагаа эхлээд буй М. Мөнх-Одын үгийг хүргэж байна.
“Би МУИС-Бизнесийн сургуулийн NCC Education байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөрт өнгөрсөн 2 жилийн хугацаанд суралцаж өнөөдөр Бизнесийн удирдлагын дипломыг сургуулийн багш хамт олон болон МУИС-Бизнесийн сургуулийн захиралаас гардаж авлаа. Эх орондоо гадаадын их дээд сургуулийн боловсрол эзэмших энэ боломжийг олгосон та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлж байна.
Энэ хөтөлбөрийн давуу тал болох англи хэл дээр МУИС – ийн чадварлаг багш нараар Их Британий сургалтын хөтөлбөрийг заалгаж, суралцах туйлын таатай байлаа.
Энэхүү хөтөлбөрт суралцсанаар олон олон давуу талуудыг өөртөө бий болгож чадлаа. Миний бие одоогоор Монголын Хөрөнгийн Бирж “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д Гадаад харилцаа, маркетингийн ажилтанаар ажиллахийн зэрэгцээ NCC хөтөлбөрийн санал болгож буй Онлайн хөтөлбөрөөр Англи улсын Worcester-ийн их сургуульд суралцаж байна. Хүссэн зүйлдээ хичээж мэрийвэл үр дүн нь заавал гарч ирдэг юм байна. “