МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
БАТЛАВ: МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ……………………Ч.ЭНХБАЯР /ДОК. ПРОФ/
2019 оны 03-р сарын 29
Хурлын зорилго: Бизнесийн сургуулийн бакалаврын оюутнуудын дунд улирал бүр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал нь оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, оролцоог идэвхижүүлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг сайжруулах, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй олон талт асуудлаар шийдэл, гарцыг олох дадлага, туршлага олгох, оюутны судалгааны ажлыг нийтийн хүртээл болгоход оршино.
Нэг. Зохион байгуулалт
Хугацаа: 2019 оны 4-р сарын 22- ны 14.00 цагт
Газар: Хичээлийн V байр 103 тоот танхимд
- Тус хуралд тавигдах илтгэлүүд нь Бизнесийн сургуулийн тэнхим тус бүрийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан шилдэг 3 илтгэлүүд байна.
- Илтгэгч илтгэлээ хэлэлцүүлэхдээ Power Point программ дээр урьдчилан бэлтгэсэн байх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, асуулт хариулт 5 хүртэлх минут байна.
- Илтгэлүүдийг 2019 оны 4-р сарын 19–ний өдөр 09.00-17.00 цагийн хооронд МУИС-ийн Бизнесийн сургуулийн (хичээлийн IV байрны 4 давхарт) 401 тоот өрөөнд Д.Одбилэг багшид /99093452/ бүрэн эхээр хэвлэмэл байдлаар хураалгах, PPT файлыг bs.num.1947@gmail.com хаягаар илгээх ба хэвлэмэл болон цахим аль аль хэлбэрээр хугацаандаа өгсөн байна.
Хоёр. Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага
- Шинжлэх ухааны онол арга зүйд үндэслэсэн, тодорхой аргачлал хэрэглэсэн байх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Практик ач холбогдолтой байх
- Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх
Гурав. Бичвэрт тавигдах шаардлага
А. Эрдэм шинжилгээний илтгэлийн бүтэц:
- Бүтээлийн нэр
- Зохиогчийн овог нэр, хаяг, цахим шуудангийн хаяг
- Товч хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үндсэн хэсэг (судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүн, сэдэвтэй холбоотой дэд сэдвүүд)
- Дүгнэлт,
- Санал зөвлөмж
- Ном зүй
- Хавсралт
Б. Илтгэлийн бичвэрийн ажилд тавигдах шаардлага:
- Илтгэлийг А4 цаасан дээр форматын дагуу бичих
- Үсгийн фонт: Times New Roman
- Бичвэрийн хэмжээ: 12
- Мөр хоорондын зай: 1,5
- Top -1.5cm, bottom -2cm, left -3cm, right -1.5cm
- Илтгэл 4-8 нүүр байх
- Илтгэлд эх зохиолоос авч хэрэглэсэн зүйлийг эшлэлд авч, зүүлтийг зохих журмын дагуу (foot note, end note эсвэл хаалтад зохиогчийн нэр, ном, бүтээлийн хуудсыг тэмдэглэж) хийх
- Ном зүйд зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, хэвлэсэн он, номын эсвэл өгүүллийн нэр, хэвлэсэн газар буюу хот гэсэн дарааллаар бичих
- Илтгэлд нүүр хуудас хийх бөгөөд сургууль, тэнхим, сэдвийн нэр, овог нэр, утасны дугаар, мэргэжил, курс, түвшин, удирдагчийн нэрийг бичнэ. (Нүүр хуудасны загвараас харна уу)
Дөрөв. Шалгаруулах журам
Хурлаар хэлэлцүүлсэн илтгэлийг шүүгчийн бүрэлдэхүүнээр дараах шалгуурын дагуу дүгнэж, байр эзлүүлнэ. Үүнд:
- Шинжлэх ухааны үндэслэл
- Судалгааны арга аргачлал
- Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол
- Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэлд хүрсэн байдал
- Илтгэх чадвар
Эзлүүлэх байр, шагнал:
Нэгдүгээр байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Хоёрдугаар байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Гуравдугаар байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Тусгай байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
МУИС, БС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал
зохион байгуулах ажлын хэсэг
Холбоо барих утас: 88076790
Санхүүгийн тэнхимийн 2018 – 2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
СЭДЭВ: САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох, туршлага солилцоход оршино.
Эрдэм шинжилгээний хурал дараах үе шаттайгаар зохион байгуулагдана.
Илтгэл ирүүлэх хугацаа: | 2019-04-12-ны өдрийн 1700 цаг |
Мэргэжлийн багш нарын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан эхний 10 хүртэлх илтгэлээр шалгарсан тухай мэдээллийг e-мэйлээр хүргүүлэх: | 2019-04-15-ны өдрийн 1700 цаг |
Шалгарсан илтгэлүүдийг V байрны №103 тоот өрөөнд хэлэлцүүлэх: | 2019-04-16-ны өдрийн 14 00 цаг |
Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлага буюу санхүүгийн чиглэлээр байх бөгөөд шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэсэн байх;
- Судалгааны тодорхой арга, аргачлал хэрэглэхээс гадна сэдвийн практик ач холбогдлыг дээшлүүлэхийн тулд холбогдох тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурлан хийх;
- Судалгааны ажлын үр дүнд үндэслэсэн санал зөвлөмж нь оновчтой, практикт хэрэгжих боломжтой байх;
- Судалгааны ажил нь анх удаа хэлэлцүүлэгдэж байх;
- Судалгааны ажлаар хэлэлцүүлэх илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд удирдагч багштай байх;
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:
- Илтгэл нь удиртгал, үндсэн хэсэг (онол, практик судалгааны боловсруулалт), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, санал, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
- Эшлэл зүүлт ашигласан байх;
- Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
- Илтгэл нь нүүр хавтастай байна. (Нүүрэнд сургууль, тэнхим, илтгэлийн нэр, удирдагч багш, илтгэгчийн нэр, e-mail хаяг, утас зэргийг бичих)
- Илтгэлийг А4 цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.
- Санхүүгийн тэнхимийн хурлаас эхний 3 байрт шалгарсан илтгэлийг Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.
Илтгэлийг 2019 оны 04 дүгээр сарын 12 – ний өдрийн 1700 цаг хүртэл цахим хэлбэрээр fin.dep.1958@gmail.com хаягаар, хэвлэмэл байдлаар IV байрны №111 тоот өрөөнд хүлээн авна.
САНХҮҮГИЙН ТЭНХИМ
2019.03.28
Read MoreОЛОН ТАЛТ ХУДАЛДААНЫ ТОГТОЛЦОО БА ДХБ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ГХЯ-наас ДХБ болон ГХЯ-ны дэргэдэх Дипломат академи, МУИС-ийн Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран “Олон талт худалдааны тогтолцоо ба ДХБ” сэдэвт сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд МУИС-ийн Бизнесийн сургууль дээр зохион байгуулав.
Энэхүү сургалт нь манай Засгийн газрын зүгээс 2018 онд тавьсан хүсэлтийг ДХБ-аас хүлээн авч Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон үндэсний хэмжээний 4 сургалтын эхний сургалт нь юм.
Сургалтаар олон талт худалдааны тогтолцоо, ДХБ-ын үндсэн зарчим, худалдааны бодлого хэрэгжүүлэх арга хэрэгсэл, гадаад зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг, экспортын татаас олгох болон бараа, үйлчилгээний худалдааны тухай ойлголт, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн худалдааны хэлэлцээр зэрэг өргөн хүрээний асуудлаар мэдээлэл танилцуулга хийв.
Түүнчлэн, сургалтын үеэр ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд байгуулсан манай улсын Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо, тус хорооноос хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний талаар сургалтад оролцогчдод ГЕГ-аас товч мэдээлэл хийв.
Сургалтад холбогдох яам, агентлаг, эрдэмтэн, судлаачид, багш нар, хувийн хэвшлийн төлөөлөл идэвхитэй оролцож, сонирхсон асуудалдаа хариулт авч, өөрсдийн хариуцсан чиглэлээрх мэдлэг, мэдээллээ чөлөөтэй солилцож ажиллав.
Энэхүү сургалт нь олон талт худалдааны тогтолцоо ба ДХБ-ын талаарх олон нийтийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэхээс гадна худалдааны асуудал хариуцсан холбогдох яам агентлагийн үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, худалдааны хэлэлцээ хийх чадавхийг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Read MoreRM & I клубын даатгалын ангийн оюутнууд Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музейтэй танилцлаа
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Даатгал хөтөлбөрийн 3, 4-р түвшний оюутнууд болон багш Г.Бурмаа, Б.Жавхланцогт нар 2019.03.21-ны өдөр Централ Тауэрт байрлах “Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей”-тэй танилцаж санхүүгийн зах зээл, тэр дундаа даатгалын зах зээлийн үүсэл, хөгжлийн талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ. Тус музей нь үүсэн байгуулагдаад 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Голомт банкны VIP харилцагчид болон гадаадын тусгай харилцагчдад үзүүлж танилцах боломжийг олгодог бөгөөд оюутнуудаас анх удаа МУИС-ийн Бизнесийн сургуулийн даатгалын ангийн оюутнууд үзэж сонирхсон байна. Дэлхийн анхны даатгалын гэрээ, анхны даатгалын сурах бичиг болон анхны мөнгөн тэмдэгт, зоос, бонд, хувьцаа гэх мэт санхүүгийн хэрэгслүүдийн анхны хувилбарууд нь эх хувиар болон хуулбар хувиар байршсан уг музейн үзмэрүүдийг сонирхолтой түүхүүдийн тайлбарын хамт Мандал Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан удирдан тайлбарлалаа.
Read MoreМонголын үйлдвэржилт сорилт ба шийдэл сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгууллаа
өаөхх
МУИС, БС болон тус сургуулийн менежментийн тэнхимийн Regnum клуб, Үндэсний үйлдвэрлэл хүнс хөдөө аж ахуйн инновацийн зөвлөл ТББ-тай хамтран “Монголын үйлдвэржилт сорилт ба шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг гуравдугаар сарын 15-наас 19 ны өдрүүдэд МУИС, БС-ийн IV байрны 314 тоот танхимд зохион байгууллаа.
Нийт 20 гаруй илтгэлүүдийг хоёр үе шаттайгаар шалгаруулалт хийж Тэргүүн байранд Ч.Уранхайч “Энзимээр боловсруулсан сүрлийг малын тэжээлд ашиглах боломж”, хоёрдугаар байранд С.Төгс “Малын гаралтай түүхий эдийг ашиглан өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж”, гуравдугаар байранд Ц.Бүжидмаа “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, тусгай байранд Д.Пүрэвцогт, М.Золзаяа “Мөнгөжүүлсэн цеолит бэлдмэлийн эмчилгээний идэвхийг туршсан дүнгээс” сэдэвт итгэлүүд тус тус байр эзэлсэн.
Read MoreМУИС, БС-ийн Менежментийн тэнхимийн дэргэдэх Regnum клуб
МУИС, БС-ийн Менежментийн тэнхимийн дэргэдэх “Regnum” клуб нь 2019 оны 02 сарын 26-ны өдөр үүсэн байгуулагдаж, “Гишүүдээ шилдэг менежер болгон төлөвшүүлэх” эрхэм зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна. Анх менежментийн тэнхимийн багш Б.Лхамцэдэнгийн санаачлагаар энэ үеийн 3 курсын оюутнууд клубыг үүсгэн байгуулан, клубын тэргүүний сонгууль зарлан хуралдаж 3-р курсын оюутан Б.Баяржаргал сонгогдож, дүрмээ баталж, үйл ажиллагааныхаа чиглэлээ тогтоон гараагаа эхэлсэн түүхтэй.
Манай клуб нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний оюуны боловсролд нь хувь нэмэр болох үүднээс дараах ажлуудыг зохион байгуулдаг.
• Сар бүр шилдэг менежерүүд болон лекторуудыг урьж илтгэл уншуулах
• Гишүүдийнхээ ерөнхий ур чадварыг сайжруулах сургалт явуулах
• Оюутнуудаа дадлага хийлгэх албан байгууллагад зуучлах
• Үйлдвэрлэл, үйлчилгээний газруудаар танилцах аялал зохион байгуулах
• Оюутнуудын хооронд номын зуучлах худалдааг зохион байгуулах
• Менежментийн мэргэжлийг таниулан сурталчилах
• Клубынхээ эрхэм зорилгод нийцсэн бусад компанит ажлуудыг зохион байгуулах
Бидний анхны үйл ажиллагаа клубынхээ удирдах зөвлөлийн гишүүдийн хоорондын харилцааг сайжруулан хооронд нь танилцуулах үүднээс Богд Уулын аялал хийж цэвэр агаарт хоорондоо тоглож наадан нэг өдрийг өнгөрүүлсэн нь клубын гишүүдийг нэгдэн нягтрахад маш дөхөмтэй үйл ажиллагаа болсон гэж үздэг. Бид энэхүү нөхөрлөлийн үр дүнд клубийнхээ олон ажлуудыг хамтран зохион байгуулж, нэгдмэл нэгэн сэтгэлээр ажил бүрийн ард гарч, амжилттай ажиллаж ирсэн.
Клубынхээ үйл ажиллагааны хүрээнд “Монголын үйлдвэржилт сорилт-ба шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Үндэсний үйлдвэрлэл хүнс хөдөө аж ахуйн инновацийн зөвлөл ТББ, тэнхимийн С.Санасэр багштай хамтран 2 үе шаттайгаар 2019 оны 3-р сарын 4нөөс 3-р сарын 19ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулсан.
Read MoreНягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиадыг зөвлөх профессор, доктор Банздайн Сайнжаргалын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ
Нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиадыг ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хүндэт багш, МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн зөвлөх профессор, доктор (Ph.D) Банздайн Сайнжаргалын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.
Read MoreОлон улсын бизнес үндэсний олимпиадын удирдамж
НЭГ. ОЛИМПИАДЫН_ЗОРИЛГО
Бизнесийн удирдлагаар, ялангуяа олон улсын худалдаа, эдийн засаг, маркетинг, менежментийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын өнөөгийн даяаршлын эрин зуунд гадаад зах зээлд бизнес эрхлэх, экспорт, импортын үйл ажиллагааг удирдан явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, бизнесийн бодит практик орчинд ажиллах, оновчтой шийдвэр гаргах, судалгаа шинжилгээний ур чадварыг нь хөгжүүлэхийн зэрэгцээ шударгаар өрсөлдөж, мэдлэг, туршлагаа солилцох, харилцан суралцах боломжийг олгоход олимпиадын зорилго оршино.
ХОЁР. ОРОЛЦОГЧИД
Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр түвшний оюутнууд, 4 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн оролцоно.
ГУРАВ: ОЛИМПИАДЫН_АГУУЛГА
Олимпиадын тест, бодлого, кейсийг Charles W.L. Hill, G. Tomas M. Hult “International Business”, 12th edition, McGraw-Hill сурах бичгийн агуулгын хүрээнд бэлтгэнэ.
ДӨРӨВ. ОЛИМПИАДЫН_ҮЕ_ШАТ
“Олон улсын бизнес”-ийн олимпиад нь 2 үе шаттай зохион байгуулагдана.
• 1 дүгээр үе шат: Олимпиадад оролцож буй оюутнуудын онолын мэдлэгийг сориход чиглэсэн дараах даалгавруудыг гүйцэтгэнэ. Үүнд:
o Өгөгдсөн сурах бичгийн агуулгын хүрээнд бэлтгэсэн тестээр шалгалт авах;
o Олон улсын худалдааны онол, тарифын зохицуулалт, гадаад худалдааны зардал, үр ашгийн тооцооллын бодлого бодох (багаар ажиллана);
o Олон улсын бизнесийн кейс ажиллах (багаар ажиллана).
Нэгдүгээр шатны шалгаруулалт 2019 оны 4 сарын 21-нд зохион байгуулагдаж, тухайн өдөртөө багтаан дүнг гаргаж, оролцогчдод танилцуулна. 3 даалгаврын гүйцэтгэлийн оноог нэгтгэн багийн гишүүдийн нийлбэр оноог гаргаж, хамгийн өндөр оноо авсан 6-8 багийг дараагийн шатанд өрсөлдүүлнэ.
1-р шат тест, бодлого, кейс гэсэн даалгаваруудын хариулт онлайн хэлбэрээр, ил тод шууд хүрнэ.
2 дугаар үе шат: Хоёрдугаар шатанд шалгарсан багууд ивээн тэтгэгч бизнесийн байгууллагуудын өгсөн даалгаварыг гүйцэтгэнэ. Багуудын ажиллах нөхцөлийг хангах, зөв оновчтой шийдэл гаргахад нь дэмжлэг болгох зорилгоор тэднийг Innovation Hub, Startup Terminal төвүүдэд ажиллах байраар хангаж, менторуудаас зөвлөгөө авах боломжийг зохион байгуулагчдын зүгээс бүрдүүлж өгнө.
Багууд өгөгдсөн даалгаврын дагуу судалгаа шинжилгээ хийж, асуудлыг шийдвэрлэн 2019 оны 4 сарын 27-нд зохион байгуулагдах хоёрдугаар шатны тэмцээний өдөр шүүгчдэд танилцуулж, хамгаална. Хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг тайлан хэлбэрээр хураалгасан байна.
Хоёрдугаар шатны тэмцээний дараа хоёр шатанд авсан нийт оноог нэгтгэн дүнг танилцуулж, шагнал гардуулна.
ТАВ. ЗОХИОН_БАЙГУУЛАЛТ
Олимпиадын ерөнхий зохион байгуулалтыг Бизнесийн сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхим хариуцаж, эцсийн шийдвэрүүдийг гаргана. Олимпиадын даалгаврыг бэлтгэх (тест, бодлого, кейс, ивээн тэтгэгчдийн даалгавар), шүүлт хийх, олимпиадын үйл явцад хяналт тавих үүргийг Шүүгчдийн зөвлөл хариуцан зохион байгуулна. Шүүгчдийн зөвлөл нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зохион байгуулагч МУИС-ийн Бизнесийн сургууль, ивээн тэтгэгч байгууллагууд, хараат бус байгууллагуудын (төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага) төлөөллөөс бүрдэнэ.
Олимпиадын нэгдүгээр үе шатны өмнө олимпиадын үйл явц, журам, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх техникийн зөвлөгөөн зохион байгуулагдана. Техникийн зөвлөгөөн болох газар, хугацааг оролцогчдод жич зарлана.
ЗУРГАА. ШАГНАЛЫН_САН
Олимпиадад оролцсон багуудаас багийн дүнгээр тэргүүлсэн 3 баг, тусгай байр, тэдгээрийн удирдагч багш нарт дараах шагнал, урамшууллыг олгоно. Үүнд:
1. Багийн шагнал
a. Нэгдүгээр байр: Өргөмжлөл, алтан медаль, 1,500,000 төгрөг
b. Хоёрдугаар байр: Өргөмжлөл, мөнгөн медаль, 1,000,000 төгрөг
c. Гуравдугаар байр: Өргөмжлөл, хүрэл медаль, 800,000 төгрөг
d. Тусгай байр: Өргөмжлөл, 400,000 төгрөг
2. Удирдагч багшийн шагнал
a. Нэгдүгээр байр: Өргөмжлөл, 400,000 төгрөг
b. Хоёрдугаар байр: Өргөмжлөл, мөнгөн медаль, 300,000 төгрөг
c. Гуравдугаар байр: Өргөмжлөл, хүрэл медаль, 250,000 төгрөг
Шагналт байранд орсон багууд STARTUP Terminal болон HUB Innovation Center-т үнэ төлбөргүй байрших эрхийн эзэн болно.
ДОЛОО. БҮРТГЭЛ
Оролцох багуудыг 2019 оны 3 сарын 04-ний өдрөөс 4 сарын 11-ний хооронд МУИС-ийн Бизнесийн сургуулийн (МУИС-ийн IV байр) 209 тоот өрөөнд бүртгэнэ. Бүртгүүлэхэд дараах бичиг баримт шаардлагатай. Үүнд:
• Иргэний үнэмлэх
• Оюутны үнэмлэх
• Суралцаж буйг баталсан сургуулийн тодорхойлолт
• 2% цээж зураг
• Нэг багийн бүртгэлийн хураамж 60.000 төгрөг (хураамжийг бэлнээр төлнө)
Бүртгүүлэхдээ багийн гишүүд анкет бөглөж, мандатаа хүлээн авна.
НАЙМ. ЗОХИОН_БАЙГУУЛАГДАХ_ГАЗАР_ХУГАЦАА
Олимпиадын Нэгдүгээр үе шат 2019 оны 4 сарын 21-ний өдөр МУИС-ийн хичээлийн IV байранд, Хоёрдугаар үе шат 2019 оны 4 сарын 27-ны өдөр тус тус зохион байгуулагдана.
Тэмцээнд оролцох багууд хувцсаар жигдэрсэн байна. Мөн сургууль болон тэмцээнд оролцогчдыг танилцуулах 3 минутын видео танилцуулга бэлдэж ирсэн байх шаардлагатай.
ЕС. ХОЛБОО_БАРИХ_ХАЯГ
Хаяг: МУИС-ийн хичээлийн IV байр, Бизнесийн сургууль, 209 тоот
Цахим хаяг: num.edu.mn http://bs.num.edu.mn/
Е-mail: dashkaa052608@gmail.com
Утас: 77307730-4126, 88653868 /О.Дашнямтай холбогдох/
Оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Эрдэм шинжилгээний хурлын зорилго:
Оюутнуудыг судалгаа, эрдэм шинжилгээний ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн онол практикийн мэдлэгийг нь гүнзгийрүүлэх, туршлага солилцох
Хэзээ: 2019-04-05 ны өдөр 14.00 цагт
Хаана: МУИС-ийн хичээлийн IY байр 304 тоот
Оролцогчид: НББ хөтөлбөрөөр бакалавр, магистрийн түвшинд суралцаж буй илтгэгчид, хэлэлцүүлэг зохион
байгуулж буй судлаач болон сонирхогчид
Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага
- НББ, аудит, шинжилгээ, өртөг тооцолт, шийдвэр гаргалт, гэх мэт өөрийн салбарын чиглэлээрх судалгааны ажил байх бөгөөд судалгааны ажил шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн байна.
- Судалгаа, шинжилгээний тодорхой арга зүй, арга техникийг хэрэглэсэн байхын зэрэгцээ тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурлан хийсэн байна.
- Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, практикт хэрэгжих боломжтой байх.
- Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд заавал удирдагч багштай байна.
- Илтгэлийг World болон РРT хэлбэрээр бэлтгэх ба илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавигдах шаардлага:
- Илтгэл нь дэвшүүлсэн зорилго, үндэслэлтэй, хураангуй, үндсэн хэсэг (онолын болон практик судалгаа боловсруулалт), судалгааны үр дүн, дүгнэлт, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
- Ишлэл зүүлт ашигласан байх;
- Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
- Илтгэл нь А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.
Хуралд оролцох:
- Бүртгүүлэх: Хуралд оролцохыг хүсэгчид 2019-02-28 ны өдрийн дотор тэнхимийн туслах ажилтанд бүртгүүлж НББ-ийн тэнхимээс дадлагын баазад зохион байгуулах дараах сургалтуудад хамрагдах боломжтой. Үүнд:
- 2019-03-05ны өдөр 15.00 цагт “Эрдэм шинжилгээний ажлын сэдэв сонгох, мэдээлэл цуглуулах аргазүй”
- 2019-03-19 ны өдөр 15.00 цагт “Судалгааны мэдээлэл боловсруулахад математик, статистик аргуудыг ашиглах нь”
- Илтгэл илгээх: Тогтоосон хугацаанд зохион байгуулах комисст илтгэл хүлээлгэн өгөх
- Хэлэлцүүлэг зохион байгуулах: Зохион байгуулагчийн зүгээс ирүүлсэн илтгэлд хэлэлцүүлэг бэлтгэн хурлын II шатанд илтгэгчийн дараа танилцуулах
Хурлын зохион байгуулалт:
Эрдэм шинжилгээний хурал нь 2 үе шаттай явагдана.
I шат: Илтгэлүүдийг хүлээн авч шалгаруулах (2019-04-01-ны өдрийн 15 цаг хүртэл илтгэл хүлээн авах (E mail хаяг: oyuntsetseg_l@yahoo.com) ба зохион байгуулагчдийн зүгээс шалгаруулалт хийн хэлэлцүүлэх шаардлага хангасан илтгэлүүдийн жагсаалтыг баталгаажуулж хэлэлцүүлэг зохион байгуулах судлаачдад хүргүүлнэ.)
II шат: Илтгэлүүдийг хэлэлцүүлэх (Хурал товлогдсон өдөр шүүгчдийн онооны нийлбэрээр 3 байр шалгаруулан урамшуулна.) Илтгэгчид болон хэлэлцүүлэг зохион байгуулагчид хурал эхлэхээс 30 минутын өмнө PPT-г комьютерт хуулан бэлэн болгосон байна.
Илтгэл хүлээн авах : БС-ийн хичээлийн IV байр: 311 тоот өрөө
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ
Read MoreМаркетинг, Худалдааны тэнхимийн 60 жилийн ойн нэрэмжит төгсөгчдийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө
Маркетинг, Худалдааны тэнхим байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан тус тэнхимийг төгсөгчдийн дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2019.03.02-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд 2007 – 2018 оны төгсөлтийн нийт 10 баг оролцон, хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж, тэргүүн байранд Б.Лхагвадорж ахлагчтай 2013 оны төгсөлтийн баг, дэд байранд Ж.Сүхбат ахлагчтай 2018 оны төгсөлтийн баг, гутгаар байранд Э.Дөлгөөн ахлагчтай 2012 оны төгсөлтийн багууд тус тус шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав. Тэмцээний шилдэг тоглогчоор 2012 оны Маркетингийн ангийн төгсөгч спортын мастер Э.Дөлгөөн тодорч шилдэг тоглогчоор шалгарлаа.
Уг тэмцээнийг зохион байгуулахад тэнхимээс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Б.Даваасүрэн Davaasuren Batsukh багшид, тэмцээндээ ирж оролцсон үе үеийн төгсөлтийн баг, тамирчдад, тэр дундаа тэмцээнд өндөр ач холбогдол өгч оролцсон 2007 оны Олон улсын худалдаа ангийн төгсөгчдөд, спорт заалны асуудлыг шийдвэрлэж өгсөн Биеийн тамирын тэнхимийн хамт олон, Л.Эрдэнэпүрэв Epu Lhagva багшид, ойн баримтат киноны зураг авалт хийсэн UBS телевизийн хамт олонд, тэмцээний явцад зураг авсан 2008 оны төгсөгч, цагийн багш О.Шинэбаярт Shinebayar Sbr, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн Маркетинг 3-р ангийн оюутан Д.Дөлгөөн нартаа тэмцээн зохион байгуулах комиссийн нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
Read More