“Мандал Ассет Менежмент”-д өнгөрүүлсэн 2 сар

“Мандал Ирээдүйн Өсөлт” хөрөнгө оруулалтын сан олон нийтээс 50 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн нь хөрөнгийн захад тэмдэглэгдэх чухал үйл явдал болсон билээ.

Тус санг удирдаж буй “Мандал Ассет Менежмент” хөрөнгө оруулалтын менежментийн компанид “МУИС-Бизнесийн Сургууль”-н 20 гаруй оюутан 2 сарын хугацаанд үйлдвэрийн дадлага хийжээ. Та бүхэнд оюутнуудын төлөөлөл болгон 6 оюутны дадлагын сэтгэгдлийг хуваалцаж байна.

С.Дашням /МУИС-БС, Санхүүгийн менежмент, 4-А/

Хөрөнгө оруулалтын менежментийн компанид 2021 оны 6 сарын 7-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд үйлдвэрлэлийн дадлага хийсэн. Хичээлийн хүрээнд үзэж, судалсан онолын мэдлэгүүд практик дээр хэрхэн хэрэгжиж, ажилладгийг ойлгож авлаа. Тухайлбал, IPO хийж буй компани ямар үе шатуудыг дамждаг, анхдагч зах зээл дээрээс буюу олон нийтээс хэрхэн хөрөнгө оруулалт татдаг, хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хэрхэн хийдэг зэргийг нэрлэж болно. 

Дадлага хийх хугацаандаа миний бие “Мандал Ирээдүйн Өсөлт” сангийн хөрөнгө оруулалтын менежерээр ажилласан. Миний ажлын чиг үүрэг нь боломжит хөрөнгө оруулагчдад сангийн нэгж эрхийн талаар шаардлагатай санхүүгийн мэдээлэл, зөвлөгөөг өгч, улмаар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь чиглүүлэх юм. 

Хөрөнгө оруулалтын сан гэх ойлголт нь миний хувьд гэлтгүй Монгол Улсын хувьд хэвшмэл бус, шинэлэг зүйл байлаа. Монголын хамгийн том “Мандал Ирээдүйн Өсөлт” сангийн нүсэр ажлын нэгээхэн хэсэг болж, хөрөнгийн захын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж олгосон “Мандал Ассет Менежмент”-ийн хамт олонд талархаж байна. 

А.Гансүх /МУИС-БС, Нягтлан бодох бүртгэл, 4-4/

Би “Мандал Ассет Менежмент” хөрөнгө оруулалтын менежментийн компанид 06 сарын 28-ны өдрөөс эхлэн 40 хоногийн хугацаанд дадлага хийсэн. Уг хугацаанд Хөрөнгийн зах зээл нь зохицуулагч байгууллага, үнэт цаасны компани, хөрөнгө оруулагчдын холбоо хамаарал дор оршин байдгийг өөрийн дадлагын туршлагаараа мэдэж авлаа. 

Ажлын цаг дууссан ч оффис дээр байгаад л баймаар халуун дулаан уур амьсгалтай, маш нийтэч, найрсаг хамт олонтой 50 тэрбумын хөрөнгө оруулалтын сан босгоход хамтран ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа. 

Б.Номундарь /МУИС-БС, Санхүүгийн менежмент, 4-Б/

“Мандал Ассет Менежмент” минь хүн байсан бол би тэр хүнээс маш их зүйлийг сурсан, маш олон зүйл дээр загнуулсан, магтуулсан, хайрлуулсан, миний хамгийн дотнын найз, хамгийн дотнын хамтрагч минь болчихсон байх болов уу.

Ковидоос шалтгаалан манай үеийнхэн хоёрдугаар курсээс эхлэн онлайнаар хичээллэж эхэлсэн. Хүн болгон л оюутан нас хамгийн гоё, дурсамжтай гэж ярьдаг ч бидэнд тийм биш байв. Бүх зүйл онлайнаар, гудамжинд тааралдсан ч бие биенээ танихгүй зөрөхөөр байсан. 

Азаар Мандалд дадлага хийснээр ангийнхан, сургуулийнхаа хүүхдүүдтэй танилцаж, оюутан насны дурсамжуудыг бүтээж чадсан. 

Б.Заяадэлгэр /МУИС-БС, Санхүүгийн менежмент, 4-А/

Миний хувьд хөрөнгө оруулалтын менежментийн компанид дадлага хийх хугацаандаа Хөрөнгө оруулалтын менежерээр ажилласан. Кофе зөөж, бичиг баримт цэгцлээгүй Хөрөнгө оруулалтын менежерээр ажилласан. Дадлага хийхдээ хамгийн чадварлаг лидерийн яг дор, яг хажууд хийгээрэй гэж зөвлөе. Учир нь үлдэх юм их байдаг юм билээ.

Маш мундаг, хүчирхэг хамт олны нэг хэсэг болж ажилласандаа таатай байгаа төдийгүй төгсөхөөсөө өмнө ажлын байр дээр ямар чадвартай, ер нь төгсөхдөө ямар байх ёстой вэ гэх мэт маш их зүйлсийг алхам тутамдаа суралцсан. 

Ч.Номин /МУИС-БС, Банк, 4-А/

“Мандал Ассет Менежмент” Хөрөнгө оруулалтын менежментийн компанид дадлага хийсэн нь надад ирээдүйн мэргэжлээ илүү бодитоор харахад тусалсан ба үеийнхэнтэйгээ, чадварлаг хамт олонтойгоо ажиллахад  үнэхээр сайхан юм билээ. Үүний сацуу байгууллагын дотоод уур амьсгал үнэхээр гайхалтай. 

Монголд үйл ажиллагаа эрхэлж буй ТОП-5 банк IPO хийх болсонтой холбогдуулан манай компани 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан, “Мандал Ирээдүйн Өсөлт” Хамтын, хаалттай Хөрөнгө оруулалтын санг  байгуулсан юм. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн үйл явдал болсон учраас миний хувьд бахархууштай, үнэхээр мартагдашгүй байв.


1 сарын хугацаанд би уг компанид харилцагчийн зөвлөхөөр ажилласан юм. Энэ нь бусдад өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа, ирээдүйн зорилго, тэдэнд өгөх үйлчилгээ гээд бүх зүйлийг өөрөө хамгийн сайн мэддэг байж бусдад ойлгуулж чадах тул манайхыг зорьж ирсэн харилцагч бүрийн асуултуудад хариулт өгч, зөвлөнө гэдэг үнэхээр сонирхолтой байсан. Оюутнууд ажиллаж, дадлагажих хүртлээ өөрийнхөө ирээдүйн ажиллах салбар, мэргэжлээ бүрэн ойлгодоггүй юм байна гэдгийг их ухаарлаа. Мандалынхандаа баярлалаа.

З.Оюунханд /МУИС-БС, Санхүүгийн менежмент, 4-В/

Оюутны сүүлийн зун үнэхээр үр бүтээлтэй, ихийг ойлгож, сурч мэдсэн үе байлаа. Өмнөх жилүүдээс ялгаатай нь өөрийнхөө сурч буй мэргэжлийн дагуу, салбартаа өөрийгөө сорьж, “Мандал Ассет Менежмент” Хөрөнгө оруулалтын менежментийн компанд дадлага хийн, ажиллаа. Дадлагаа хийж эхэлснээс дуусах хүртэл надад үлдсэн ТОП 3 хөрөнгө оруулалтаас дурдвал:

  • Хөрөнгө оруулалт, санхүүгийн салбартай холбоотой хэд хэдэн кинонуудыг захирлынхаа даалгаврын дагуу үзлээ. Киногоо үзээд за би чинь алаан дунд орох гэж байгаа юм байна, яанаа энэ санхүүгийн салбарын хурдацтай хөгжлийг гүйцэх болов уу гэсэн айдастай тулгарсан. Гэхдээ дадлага хийснээр салбарынхаа хөгжилтэй эн зэрэгцэхэд нэг алхамаар ойртоод байна. 
  • Нэг өдөрт л гэхэд 50-70 хөрөнгө оруулагчтай холбогдож, “Хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ?”, “Хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ?”, “Хэрхэн ашиг, өгөөжөө хүртэх вэ?” зэрэг мэдээллүүдийг өгдөг байв. Онолоор авсан ойлголтоо улам гүнзгийрүүлээд, хөрөнгө оруулах сонирхолтой байгаа хөрөнгө оруулагчдад мэдээлэл түгээгээд эхэлсэн чинь онолоор заадаггүй хэд хэдэн зүйлийг ойлгож авсан. Жишээлбэл, хүлээлтийн ялгаатай байгаа харилцагчидтай хэрхэн харилцах, утсаар борлуулалт хийхдээ юунд анхаарах, IPO процесс хэрхэн явагддаг, нэг жижигхэн ажлаас том бүтээн байгуулалт, төсөл ихээхэн хамаардаг гэх мэт. 
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалаад танхимаар хичээллээгүй учир нэг мэргэжлээр суралцаж буй найзуудаа сайн мэддэггүй байлаа. “Мандал Ассет Менежмент”-д үеийнхээ оюутан залуустай дадлага хийснээр багаар ажиллах чадвар, хамтын ажиллагаа хийгээд нэг нэгнээсээ суралцах боломж маань бүрэн нээгдсэн. 

Мөн дээр дурдаагүй өөрөө ч мэдээгүй олон чадварыг өөртөө суулгаж авсан байх. “Мандал Ассет Менежмент”-ийн хамт олондоо маш их баярлалаа. 

Аан нээрээ манайхаан!  Хаа сайгүй зөндөө олон дадлага, ажлын боломж байдаг юм байна лээ. Гололгүй хийгээд үзээрэй. Нэг ч гэсэн юм сураад, эзэмшээд авна даа. Бүгдэд нь амжилт. 

Сонирхуулахад, “Мандал Ассет Менежмент” Хөрөнгө оруулалтын менежментийн компанид дадлага хийхийг хүсвэл support@mandalasset.mn и-мэйл хаяг руу товч танилцуулгаа явуулаарай. 

Монголын ирээдүй МУИС-ийн оюутан.