Сүүлийн 10 жилд тус тэнхмийн 9 багш докторын зэрэг хамгаалж нийт багш нарын 50 хувь нь эрдмийн зэрэг цолтой, үүнээс шинжлэх ухааны доктор 2 ажиллаж, магистрант багш нарын дийлэнх хувь нь докторантурт суралцаж, 2024 он гэхэд нийт багш нарын 90 хувь нь эрдмийн зэрэг цолтой болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна
Манай төгсөгчид мэргэжлийн их, дээд сургуулиудад багшлах болон удирдах ажилтнаар үр бүтээлтэй ажиллаж, нягтлан бодох бүртгэл, шинжилгээ, аудит, үнэлгээний чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэн, манай төгсөгчдөөс 33 хүн докторын, 2 төгсөгч ШУ-ны докторын (ScD) зэрэг хамгаалжээ.
2015 онд мэргэжлийн байгууллагууд болон Сангийн яамтай хамтран “НББ-ийн тулгамдсан асуудлууд хөгжлийн чиг хандлага-2015”, 2016 онд ТИНЗ нийгэмлэгтэй хамтран “Татварын боловсрол”, 2018 онд тэнхмийн 60 жилийн ойг угтаж “Нягтлан бодох бүртгэл, аудит ба үнэлгээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг амжилттай зохион байгуулан ОХУ, Хятад, Солонгос, Япон, Англи, Бангладеш, Тайван зэрэг орнуудын эрдэмтэд оролцон илтгэл хэлэлцүүллээ.
Багш нарын судалгааны сэдэвт ажил, аж ахуйн нэгж байгууллагын захиалгат судалгаа боловсруулалтын зэрэгцээгээр сүүлийн 5 жилд нэгэн сэдэвт бүтээл болон мэргэжлийн ном сурах бичиг 160, эрдэм шинжилгээний өгүүлэл 190 гаруйг тус тус бичиж сүүлийн жилүүдэд Олон Улсын импакт фактор бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх багш нарын тоо нэмэгдэж байна.