2019 оны ажлын үр дүнгээр амжилттай ажилласан багш, ажилтнууд болон тэнхим нэгжүүдээ шагналаа
2019 оны ажлын үр дүнгээр амжилттай ажилласан багш, ажилтнуудаа МУИС-ийн Хүндэт жуух бичиг, МУИС-ийн баярын бичгээр; МУИС-ийн Бизнесийн сургуулиас 2019 онд сургалт, судалгааны чанарыг сайжруулахад мэргэжлийн багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн дэмжиж амжилттай ажиллан шилдэгээр шалгарсан Менежментийн тэнхим, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” хичээлийн хамтлаг болон олон улсын болон үндэсний хэмжээний мэргэжлийн уралдаан тэмцээн, улсын олимпиадуудад оюутнуудаа бэлтгэн амжилттай оролцуулсан баг, хамт олондоо шагналыг гардууллаа.
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн Бакалаврын түвшний оюутнуудын 2019- 2020 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Энэхүү хурал нь Бизнесийн сургуульд суралцаж буй оюутнуудын суралцах, хийж бүтээх идэвхи санаачлагыг дэмжих, тэдний судалгаа шинжилгээний ур чадварыг чадавхийг дэмжин хөгжүүлэх үндсэн зорилготой.
Хугацаа: 2019 оны 12-р сарын 23-ны өдрийн 10:00 цаг
Хаана: МУИС-ийн Номын сангийн 202 тоот танхимд болно.
Хамрах хүрээ
Хуралд мэргэжлийн тэнхимүүдийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлагын чиглэлд хамаарсан сэдэвтэй байх
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээний тодорхой онол арга зүйд суурилсан, судалгаа шинжилгээний арга аргачлалуудыг ашигласан байх
- Судалгаандаа бодит тоон мэдээлэл ашиглаж, өгөгдлийг орчин үеийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан боловсруулалт хийж, бодитой дүгнэлт гаргасан байх
- Судалгааны ажлын үр дүнд онол практикийн ач холбогдол бүхий санал зөвлөмж, арга аргачлал боловсруулсан байх
- Судалгааны ажлыг оюутны эрдэм шинжилгээний хуралд анх удаа хэлэлцүүлж байгаа,
- Илтгэлийг ганцаар болон болон багаар бэлтгэсэн байж болно, заавал удирдагч багштай байна,
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:
- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг /2-5/, зорилго, үндсэн хэсэг (онолын болон судалгааны), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, ерөнхий дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан материал болон эх сурвалжийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байна;
- Ишлэл зүүлт хэрэглэнэ;
- Судалгаанд ашигласан арга зүй тодорхой байх;
- Илтгэлийн эхэнд эсвэл нүүр хуудсанд сургууль, тэнхим, илтгэлийн сэдэв, удирдагч багшийн овог нэр, зэрэг цол, илтгэгчийн нэр, холбогдох e-mail хаяг, утас зэргийг бичих)
- Илтгэлийг А4 хуудасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 8-10 хуудсанд багтаан бичсэн байх.
Шалгаруулалт:
- Зохион байгуулах комисс тэнхим бүрээс ирүүлсэн илтгэл бүрийг уншиж, урьдчилан шалгаруулалт хийх бөгөөд эхний 8 илтгэлийг хуралд нээлттэй хэлэлцүүлнэ.
- ЭШ хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг тодорхой онооны системээр үнэлж, эцсийн дүнг гаргах ба эхний 3 байрт шалгарсан илтгэлүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
Шагнал:
I байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – 1
Тэнхимүүд илтгэлийг 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 16:00 цаг хүртэл Менежментийн тэнхимийн Сарантуяа багшид биечлэн хураалгана.
Зохион байгуулах комисс
2019 оны 12 сарын 17
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургууль “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-тай хамтран ажиллана
МУИС-ийн Бизнесийн сургууль нь төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд үе шаттай ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банкны охин компани болох “ДИ БИ ЭМ Лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр нар дараах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Үүнд:
- Сургалт, судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр хамтран ажиллах,
- Урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөнд эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах,
- Бизнесийн байгууллагуудад чиглэсэн хурал, семинаруудыг зохион байгуулах,
- Оюутны дадлагын бааз газрын нэг байх,
- Бусад
Талуудын хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.
Read More“Мэдлэгийн менежмент” улсын VII олимпиадад МУИС-ийн баг тэргүүн байр эзэллээ
“Мэдлэгийн менежмент” улсын олимпиадыг МУИС-ын Бизнесийн сургууль 7 дахь жилдээ 2019 оны 11-р сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн олимпиадад бизнесийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн 5 томоохон сургууль болох МУИС-ийн Бизнесийн сургууль, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль тус тус оролцож ур чадвараа сорилоо.
Мэдлэгийн менежмент олимпиадын онцлог нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Business Strategic Games программыг ашиглан цахим орчинд өрсөлдөж буй багууд бизнесийн шийдвэр гарган ур ухаанаа уралдаалдаг ба үнэлгээ автомат системээр хийгдэдгээрээ шударга өрсөлдөөн болдог юм.
Энэ жилийн 7 дахь удаагийн олимпиадад МУИС-ийн баг нэгдүгээр байранд, ХУИС хоёрдугаар байранд, СЭЗИС гуравдугаар байранд тус тус шалгарлаа.
Олимпиадыг 2012 оноос эхлэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн санаачлагаар зохион байгуулж ирсэн. Энэхүү олимпиадад оролцогч сургуулиудын тоо жилээс жилд нэмэгдэж улам өрсөлдөөнтэй, багууд туршлагатай болж байгаа бөгөөд олимпиадын цар хүрээ нэмэгдсээр байна.
Энэ удаагийн олимпиадад МУИС-ийн баг 104 оноо авч бусад багаа тэргүүлсэн бөгөөд дэлхийн чансаагаар үзвэл топ 100 багийн тоонд ажилттай орж байгаагаагаа онцлогтой юм.
МУИС-БС-ийн Менежментийн тэнхим
Read More