Хөтөлбөрийн тодорхойлолт
Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэргийн боловсролын агуулга нь төгсөгчдөд төрийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагууд, санхүү, татвар, хяналт, даатгалын төв орон нутгийн албад, сургалт эрдэм шинжилгээний байгууллагад санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, сургалт, судалгааны чиглэлээр ажиллахад шаардлагатай мэдлэг,ур чадвар, чадамжэзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
Хөтөлбөрийн үндэслэл
Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага (Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 04 дугаар сарын 28-ны өдрийн А-174 дугаар тушаалын хавсралт), Монгол улсын их сургуулийн сургалтын бодлого.
Хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүн(оюутны эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж):Санхүүгийн болон удирдлагын бүртгэлээр мэргэшсэн, дэлхийн аль ч орны их дээд сургуулийн жишигт нийцэхүйц өргөн мэдлэгтэй, хөрвөх чадвартай, мэргэжилтнийг бакалавр, магистр, докторын зэрэглэлээр бэлтгэхэд үйлчлэх, энэ зорилгоор багшлах бүрэлдэхүүн, материаллаг баазыг хөгжүүлж, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил, судалгаа боловсруулалтын чиглэлээр Монгол улсын шинжлэх ухаан, дээд боловсролын тогтолцоонд тэргүүлэх үүрэгтэй эрдэм оюуны төв байхад хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн зорилтууд нь
1. Шинэлэг, шилдэг судалгааг хөгжүүлэх
2. Судалгаанд суурилсан сургалт явуулах
3. Шударга, ил тод удирдлагыг хэрэгжүүлэх
4. Тохилог, тав тухтай орчинг бүрдүүлэх
Оюутны эзэмшсэн байх мэдлэг
- Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бизнесийн эрх зүй, маркетинг, санхүү, зээл, мөнгөний онол, тоон болон статистик шинжилгээний аргууд
- Мэдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютерээр боловсруулах программ хангамжийн мэдлэг
- Нягтлан бодох бүртгэлийн үндэс, бүртгэлийн бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа
- Санхүүгийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүй
- Зардлын бүртгэл, зардлыг төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг тооцох, хэлбэлзэлд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх арга зүй
- Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийдэл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлууд
- Санхүүгийн тайлангийн аудитын арга зүй, олон улсын стандарт;
- Бизнесийн нэгдсэн тайлан болон засгийн газар, төрийн бус байгууллагуудын бүртгэл, тайлагналын онцлог;
- Татвар, даатгал, нийгмийн даатгалын төлбөр тооцоо, тайлагналын тогтолцоо;
- Нягтлан бодох бүртгэлийн ажилтаны мэргэжлийн ёс зүй.
Оюутны эзэмшсэн байх ур чадвар, чадамж
- Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх;
- Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах;
- Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах;
- Санхүү, банк, татварын болон бусад харилцагч байгууллага, хүмүүстэй тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулах;
- Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа хийх, дүгнэлт өгөх, мэдээ тайлан гаргах;
- Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлэлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх