Тус тэнхим нь 1958 онд Эдийн Засгийн Факультетийн бүрэлдэхүүнд “Бүртгэл санхүүгийн тэнхим“ нэртэй байгуулагдсан. 1963-1964 оны хичээлийн жилээс Санхүүгийн тэнхим бие даан зохион байгуулагдаж сургалт, судалгааны ажил явуулж ирсэн. 1990-ээд оны эхнээс улс төр эдийн засаг нийгмийн шилжилттэй холбоотойгоор санхүүгийн дээд боловсролтой мэргэжилтний сургалтын хөтөлбөрт гүнзгий өөрчлөлт орж сургалтын агуулга бүрэн шинэчлэгдсэнээр өндөр хөгжилтэй орнуудын ижил төстэй мэргэжлийн жишигт нэн ойртсон хөтөлбөрөөр сургалт явуулж байна.
Санхүүгийн тэнхимийн багш нар заадаг хичээлүүдээрээ төрөлжиж хичээлийн хамтлаг хэлбэрээр төрөлжин баг болон ажиллаж байна. Төрийн санхүү, санхүү менежмент, хөрөнгө оруулалт, банк, даатгалын хичээлийн хамтлаг гэх мэтээр тэнхим дотроо төрөлжсөн сургалт судалгааны багууд ажиллаж багш нарын хамтын ажиллагаа гүнзгийрч ирлээ.
Манай тэнхимийн оюутнууд мэргэжлийн их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Санхүүгийн менежмент, Шилдэг банкир, Татвар хэн сайн мэдэх вэ улсын олимпиадад байнга тэргүүний байруудыг эзэлж ирсэн нь оюутнуудыг сургалт, судалгааны шинэ мэдлэг, арга барилд сургаж байгаагийн илэрхийлэл болно. Оюутнуудын эрдэм шинжилгээний ажил хийх сонирхол их өндөр, жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд улмаар МУИС-ийн болон бусад их дээд сургуулиуд, салбарын байгууллагуудаас зарласан эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэн тэргүүний байруудыг эзэлсээр байна.
Тэнхимийн багш нарын эрдмийн зэрэг цол хамгаалуулахад онцгой анхаарч ажиллаж ирсний дүнд одоо ажиллаж буй багшлах бүрэлдэхүүний 50 орчим хувь нь дотоод, гадаадын их дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалсан байна. Багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцох, дотоод, гадаадын мэргэжлийн түвшинд хянагддаг, импакт фактор бүхий сэтгүүлүүдэд өөрсдийн судалгааны ажлын чиглэлээр олон бүтээл, өгүүлэл хэвлүүлж, хэвлүүлсэн бүтээл, өгүүллийн тоо жил бүр өссөөр байна. 2000- 2022 оны хугацаанд мэргэжлийн түвшинд хянагддаг дотоодын сэтгүүлд нийт 353, гадаадын сэтгүүлд 156 өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Одоо манай тэнхимд үндсэн багш 21, зөвлөх профессор 2, хичээлийн туслах ажилтан 2 ажиллаж байна. Эдгээрийн дотор шинжлэх ухааны доктор-1, доктор-9, бусад нь бизнесийн удирдлагын магистр цолтой багш нар байна.