Linked in

Линкедин нь хамгийн энгийнээр фейсбүүк, инстаграм, твиттерийн нэгэн адил сошиал хаяг бөгөөд бусад платформуудтай харьцуулахад илүү мэргэжлийн мэдээ мэдээлэл солилцох, ажлын байр олох, виртуал CV бүтээхэд ашигладаг. Мөн та Линкединээр дамжуулан өөрийн мэргэжлийн чиглэлээр ажиллаж, сурч буй хүмүүстэй холбогдох бөгөөд “Linkedin learning” цэснээс ур чадвар дээшлүүлэх онлайн сургалтанд хамрагдах боломжтой. 

Энэхүү платформ нь дэлхийн өнцөг булан бүрд байрлах мэргэжлийн хүмүүсийг холбохоос гадна ажил хайгч болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийг холбох хамгийн том цахим орчин юм. 2021 оны байдлаар Линкедин платформыг 200  улсын 740 сая гаруй хэрэглэгчид ашиглаж байна. Тиймээс та энэхүү платформын нэг хэсэг болсноор дэлхийн сая сая хүмүүстэй холбогдох, тэднээс суралцах боломж нээгдэх болно. 

Линкедин хаяг нээх тухай:

Хэрвээ та Линкединий талаар өмнө нь огт сонсож байгаагүй бол энэхүү нийтлэл таныг шинэ хаягаа нээхэд тань чиглүүлэгч болох болно. Та хаягаа нээхийн тулд эхлээд www.linkedin.com сайтад нэвтрэн мэйл хаягаараа бүртгүүлэх шаардлагатай.

Линкедин хаягаа хөгжүүлэх тухай:

Сүүлийн жилүүдэд хүний нөөцийн мэргэжилтнүүд ажилтан ажилд авахдаа Линкедин платформыг түгээмэл ашигладаг болсон нь нууц биш юм. Нөгөө талаас, Линкедин хаягаараа дамжуулан ажил олох залуусын тоо ч жилээс жилд өссөөр байна. Тиймээс олон мянган ажил горилогчдоос өөрийгөө ялгаруулахын тулд таны хийх ёстой хамгийн эхний алхам бол Линкедин хаягаа хөгжүүлж, шаардлагатай мэдээллүүдийг үнэн зөвөөр оруулах юм.

Хүн бүрд фейсбүүк хаяг байдаг бөгөөд нэр, зураг, төрсөн өдөр зэрэг энгийн мэдээллүүдээ оруулсан байдаг. Үүний адилаар Линкедин профайлдаа зайлшгүй оруулах шаардлагатай зүйлс нь таны profile зураг, headline, experience, education хэсэг юм. 

Profile болон background picture

Таны Линкедин хаяг профайл болон background зураг оруулаагүй үед дээрх шиг харагдах болно.  Таны профайл зураг: 

  • Камер луу харсан
  • Инээмсэглэсэн
  • Зохимжтой хувцасласан байвал илүү зохистой.

Линкедин нь илүү мэргэжлийн хүмүүст зориулсан байдаг тул нүүр зураг оруулахдаа Фейсбүүк болон Инстаграмд оруулдаг шиг зураг оруулахгүй байхаас гадна 

  • Селфи хийсэн 
  • Архи эсвэл тамхи барьж буй 
  • Амралтаар явж байгаа зургаа оруулахгүй байх хэрэгтэй.

Та өөрийгөө сайн профайл зурагтай эсэхээ Линкедин ашигладаг найзуудаасаа асуух эсвэл “Photofeleer.com”-с орж шалгаж болно. 

Харин Background зургийг мэргэжлийн онцлогтоо тааруулан сонговол илүү зохимжтой. Жишээлбэл, маркетингийн менежерээр ажилладаг хүн Background зургаа тэр чигээр нь орхихын оронд илүү өөрийн ажилладаг салбарын онцлогт тохирсон зураг оруулах нь илүү мэргэжлийн харагддаг. 

Headline, Location болон Industry

  • Таны хаягийг бусдаас онцлог болгодог зүйлсийн нэг бол Headline юм. Тус хэсэгт өөрийн ажилладаг компани (сурдаг сургууль) болон мэргэжлийн онцлогийг тодорхойлсон түлхүүр үгс ашиглан бичих хэрэгтэй. 
  • Industry буюу өөрийн ажиллах салбараа тодорхойлсноор уг салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд таныг олоход илүү хялбар болно. 
  • Linkedin-ий голчилдог 5 түлхүүр хайлтын хэрэгслийн (Name, Headline, Location, Summary, ба Experience) нэг Location-г үнэн зөв тодотгож өгөх нь тухайн байршилд ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүдэд таныг олоход хялбар болно.
  • Summary

    Та профайл зураг, нэр, Headline, Location болон Indusry зэргийг оруулсныхаа дараа өөрийнхөө давуу талыг дурдсан summary буюу хураангуй хэсгийг бөглөх хэрэгтэй. Үүнийг бөглөхдөө 2000-с доош үгс ашиглаж мэргэжлийн болон өөрийнхөө онцлогийг дурдах хэрэгтэй. 

  • Experience

    Таны өмнө нь хийж байсан болон одоо хийж байгаа зүйлсээ дурдах хэсэг нь experience юм. Уг талбарыг бөглөхдөө мэргэжлийн онцлогийг харуулсан түлхүүр үгс ихийг ашиглах хэрэгтэй. 

  • Skills

    Та LinkedIn хаягт 50 хүртэлх чадваруудыг оруулах боломжтой. Кареер зөвлөгч Клиффорд Вессел: “Линкедин хаягтаа өөрийн хамгийн сайн 40-50 чадварыг нэмэх хэрэгтэй. Учир нь нэг компани борлуулах чадвартай хүнийг хайж байхад, нөгөө компани нь бизнес хөгжүүлэх чадвартай хүнийг хайж байдаг. Та дээрх хоёр чадварыг хоёуланг нь эзэмшсэн бол хоёуланг нь оруулах хэрэгтэй. Ингэснээр таны хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт нэмэгдэнэ” хэмээн зөвлөсөн байна. 

  • Education

    Та өөрийн сургуульд элсэн орсон  болон төгссөн жилээ оруулах хэрэгтэй. Ингэхдээ та өөрийн илүү мэргэшсэн салбарыг нэмж өгснөөр тухайн салбарын хүмүүстэй холбогдох боломж илүү нэмэгдэнэ.

  • Connection

    Фейсбүүкт холбогдсон хүмүүсээ найз хэмээн нэрлэдэг бол Линкедин платформд “Connection” гэдэг. Өөрийн Линкедин хаягт оруулах шаардлагатай дээрх бүх зүйлсийг оруулсныхаа дараа “My network” цэс рүү орон өөртэй ижил чиглэлээр ажилладаг хүмүүстэй харилцаа холбоо тогтоож болно. “Линкедин хаягтаа та доод тал нь 50 хүнтэй холбоо тогтоосон байх хэрэгтэй”.

  • “Let recruiters know you are open”

    Та сургуулиа төгсөөд ажил хайх эсвэл ажлаа солих сонирхолтой байгаа бол өөрийн Headline хэсэгт Seeking болон Looking for зэрэг үгс ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Харин өөрийн “LinkedIn Jobs” хэсэгт байрлах “Career Interests” цэс рүү нэвтэрч Let recruiters know you’re open хэсгийг идэвхжүүлэн холбогдох мэдээллийг бөглөж, ажил хайх боломжтой.

  • Tip:

    Та өөрийгөө Линкедин хаягаа идэвхтэй ашигладаг эсэхээ мэдэхийг хүсвэл “Linkedin.com/sales/ssi”-д нэвтрэн “Establish your professional brand” буюу “LinkedIn profile” хөгжүүлсэн байдал, “Find right people” буюу өөртэй ижил салбарт ажилладаг олон хүмүүстэй харилцаа холбоо тогтоосон (connections), “Engage with insights” буюу таны оруулсан пост болон хуваалцсан контент хир их хүнд хүрсэн болон “Build relationships” буюу мэргэжлийн хүмүүстэй холбогдсон байдал зэрэг тус бүрт ижил жин өгч танд 100 хувиас хэд өгснийг харж болно. Хэрвээ таны оноо 100-д ойрхон байвал та маш сайн LinkedIn хаяг ашигладаг гэсэн үг юм.

Дээрх дурдсан зүйлсийг нягтлаад хийхэд таны LinkedIn profile хангалттай сайн харагдана гэж найдаж байна. Нэмэлтээр мэргэжилтний зөвлөгөөг сонсохыг хүсвэл энд дарна уу? 

Ашигласан эх сурвалж: