Англи хэл дээр ярилцлагад орсон туршлагаас

Сүүлийн жилүүдэд оюутнууд маань аудитын “Big 4”, “Оюу толгой” зэрэг гадны менежменттэй компаниудад ажиллах, дадлага хийх эрэлт хэрэгцээ өссөнтэй холбогдуулан эдгээр компаниудад ажлын болон дадлагын ярилцлагад ороход хэрхэн бэлтгэх талаар оюутнуудын бодит туршлагыг түүвэрлэн бэлтгэлээ. 

Б.Золзаяа, PwC дадлагын ярилцлагад амжилттай оролцсон туршлага, зөвлөгөө

Дадлагын хугацаанд 3-4 байгууллагын санхүүгийн тайлангийн аудитад гар бие оролцож, аудитын анхан шатны шалгалт өгөх зэргээр мэргэжлийн нарийн туршлага хуримтлуулсан. Мөн дадлагын хөтөлбөр нь байгууллагын дотоод соёл, кареер хөгжлийн замыг ойлгоход тус болсон. Тиймээс оюутан насандаа цаг хугацаа, боломж нь байвал “Big 4” аудитын фирмд заавал дадлага хийж үзээрэй хэмээн хэлмээр байна. 

Ярилцлаганд бэлтгэхдээ дараах үндсэн асуултуудын хүрээнд хариултуудаа бэлдээрэй.

  1. Өөрийгөө танилцуулах. 
  2. Яагаад аудитын фирмд дадлага хийх хүсэлтэй байгаагаа маш сайн илэрхийлэх буюу энэхүү дадлагын туршлага нь чиний ирээдүйн кареерт хэрхэн нөлөөлөх талаар тайлбарлах. 
  3. Өөрийн өмнөх туршлагууд буюу CV/Resume дээрх танилцуулгаа тайлбарлах.  Ингэхдээ тухайн туршлага бүрээс сурсан зүйлс нь дадлагад хэрхэн туслах талаар нэмж яривал зүгээр шүү. 
  4. Бусад дадлага хүсэгч оюутнуудаас давуу талаа дөвийлгөх. 
    1. Миний хувьд 3-р курсдээ мэргэжлийн хичээлүүдээ ихэнхийг нь судалсан, Англи хэл дээр нягтлан бодох бүртгэл хичээлийг үзэж НББ-ийн (Нягтлан Бодох Бүртгэл) олон улсын стандартуудын талаар ойлголттой байсан нь давуу тал болсон.
  5. Тухайн дадлагад тэнцвэл чиний хүлээлт ямар байгаа талаар. 
  6. Багт ямар үүрэгтэй оролцдог талаар. 
  7. Бусад нэмэлт асуултууд нь ямар ч байж магадгүй, гэхдээ хариулт бүрд чиний онцлог, чиний хандлага харагдах хэрэгтэй. 

 

Англи хэл дээр ярилцлагад орох талаар:

  1. Ярилцлага Монгол хэл дээр эхэлсэн ба миний сандрал буурч, тайвшрах үед Англи хэл дээр ярилцлагаа үргэлжлүүлэх боломжтой эсэхийг асуусан. Big 4 аудитын фирмүүдэд бүх ажил нь Англи хэл дээр явагддаг учир Англи хэлээр ойлгох, бичих чадвартай бол давуу талтай. Тиймээс ярилцлагаас өмнө өөрийн өмнөх туршлага, давуу тал, цаашдын карьер төлөвлөлт, зорилго зэрэг ерөнхий асуултуудын хариултуудыг Англи хэл дээр маш сайн бэлдээд орвол сайн. 


    Ярилцлагын шатнаас өмнө анкет хүлээн авах, шалгалтын шатуудаар чиний туршлага, чадварыг дүгнэчихсэн байгаа учраас ярилцлагын үеэр өөрийнхөө хандлага, хувь хүнийхээ зан чанарыг харуулах хэрэгтэй.  Хамгийн чухал нь өөрийнхөөрөө тайван байж, өөрийн давуу тал, зорилгоо маш тодорхой, өөртөө итгэлтэйгээр илэрхийлэх нь ярилцлага авч буй хүмүүст илүүтэй сэтгэгдэл үлдээнэ гэж бодож байна.


    Мөн ярилцлагын төгсгөлд ярилцлага авч буй хүмүүсээс зөрүүлж асуух асуултууд бэлдээрэй. 

Ч.Түвшингэрэл, Deloitte, Oюу Толгой ХХК-д ярилцлагад оролцсон туршлага

  1. Ямар ч сонгон шалгаруулалт CV/Resume, Cover letter зэрэг материалаа бэлдэж явуулахаас эхэлдэг шүү дээ. Энэ шатанд сонгон шалгаруулалтын багийнхан таны туршлага, ололт амжилттай танилцахаас гадна хамгийн гол нь хир их цаг гаргаж бэлдсэн хандлага, энэ ажилд орох хүслийг явуулсан материалаар тань дамжуулаад дүгнэчихдэг гэдгийг санаад аваарай. Харин ярилцлагын шатанд жинхэнэ таны зан чанар, дотоод хүнтэй танилцана. Монгол залуу хүн бүр л шинийг мэдэх, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй түүндээ дүрэлзэж яваа. Тэгэхээр тэтгэлэг, хөтөлбөр, ажлын гээд ямар ч ярилцлаганд шижигнэсэн бусад залуусаас яагаад чи онцгой вэ? гэдгээ хамгаас тодруулж харуулах ёстой.


  1. Тиймээс өдийг хүртэл би хаана юу хийж явсан бэ? Ямар бэрхшээлтэй тулгарч, түүнийг хэрхэн туулсан бэ? гэх зэрэг өмнөх туршлага дээрээ тулгуурлан, жишээ баримттай ярьж өөрийгөө таниулах хэрэгтэй. CV/Resume, Cover letter-тээ бичсэн зүйлээ дахин давтаж ярихаас аль болох зайлсхийгээрэй. Жишээ нь :

    • “Би МУЗН-т сайн дурын ажил хийдэг” гэхийн оронд сайн дурын ажилтан хийж байхдаа ямар үйл ажиллагаанд ямар үүрэгтэйгээр оролцож байсан, юуг чадахгүй байсан, түүнийг хэрхэн даван туулж юуг сурсан гэх зэрэг өөрийнхөө түүхээс хуваалцах хэрэгтэй.

    Ярилцлагад орохоосоо өмнө:

    • Одоогоор ковидын үетэй холбогдуулж ихэнх ярилцлага онлайнаар болдог болсон тул интернет холболтоо сайжруулж, утаснаасаа hotspot цацахад ч бэлэн бэлтгэлтэй байх
    • Өөрт ямар ч саад болохгүй, анхаарал сарнихгүй газар байрлах
    • Цагаа маш сайн баримтлах 

    Цагаасаа 20 минутын өмнө бэлэн байгаарай. Ихэнх ярилцлагын үргэлжлэх хугацаа 15-20 минут ховор тохиолдолд 30 минут байдаг тул боломжтой хариултуудаа бэлдээд ярихад хэдэн минут болохыг нь тооцоод харчихад илүүдэхгүй болов уу.

    • Өөрийгөө судлах 

    Цаг гарган хамгийн түрүүнд хийх зүйл бол өөрийнхөө дотор луу өнгийж хараад өөрийгөө цонхны цаанаас ний нуугүй сонжих гэж би хэлнэ. Миний нэг найз ярилцлагад орохоосоо өмнө өөр дээрээ  SWOT шинжилгээ хийдэг тухайгаа ярьж байсан юм. Яагаад оролдоод үзэж болохгүй гэж?

    • Байгууллагаа судлах

    Яг хаашаа, ямар соёлтой, юу хийдэг байгууллага руу зүтгээд байгаа билээ гэдэг асуултад өөрөө хариулт олно. Түүнийхээ дараа миний хүсэл тэмүүлэл, хийхийг хүссэн зүйлтэй байгууллагын үнэт зүйлс, алсын хараа нийцэж байгаа эсэхийг харна. Хүний нөөцийг ч бас ямар хүн хайж байгаа талаар ойлголт авна. 

    • Хувцаслалт

    Бусдыг гаднаас нь дүгнээд тэнцүүлэх нь өрөөсгөл ойлголт ч гэсэн тухайн хүний хандлага, хариуцлагыг илэрхийлсэн багагүй үзүүлэлт бол хувцаслалт юм. Банкны ажилчид ажил дээрээ casual хувцасладаг байсан бол та итгэж мөнгөө хадгалуулах нь юу л бол.

    Ярилцлагын явцад:

    • Өөртөө хамгийн итгэлтэй байх
    • Асуултад хариулахдаа сөрөг зүйлсийг ярихаас аль болох зайлсхийж багахан хошигнол хавчуулах, эерэг хандлагаар ярилцлагаа үргэлжлүүлэх 

    Ингээд харахад  ярилцлагаас өмнө гэрийн даалгавраа хийж бэлдэх, анхаарах зүйлс нь илүү ач холбогдолтой гэдгийг анзаарсан байх.  Та бүхэн минь ярилцлагад амжилттай  орж тэнцээд хүсэл мөрөөдөлдөө нэг алхам ойртоорой.

Practice makes perfect!

—————————————————————————————————————-

Дээрх оюутнуудын маань зөвлөгөө туршлага танд хэрэг болсон гэдэгт итгэлтэй байна. Дан ганц дадлагаар хязгаарлагдахгүй тэтгэлэг болон бусад ярилцлагад амжилттай оролцох талаар нэмэлт мэдээллүүдийг дараах линкээр дамжин үзээрэй. 

Танд амжилт хүсье!