Даяаршин буй ертөнц дэх мэдээлэл, техник технологийн түргэн хурдацтай хөгжилт, эдийн засгийн нээлттэй тогтолцоо зэрэг нь бизнест хэзээ хэзээнээс илүүтэй өндөр эрсдэл, хурц өрсөлдөөнийг бий болгож байна. Энэ өрсөлдөөнд зөвхөн глобаль түвшинд ажиллах мэдлэг ур чадвартай, шинэчлэгч, манлайлагч удирдагчид л бизнесийг амжилттай удирдаж чадна. Улс, нийгмийнхээ хөгжилд илүү их хувь нэмэр оруулж чадах ийм удирдагчдыг бэлтгэн гаргах нь бидний эрхэм зорилго юм.
Манай хамт олон худалдаа, бүртгэл, санхүү, менежмент, маркетинг, банк, даатгал, бизнесийн мэдээллийн системийн чиглэлүүдээр дээд боловсролтой мэргэжилтнийг олон арван жилийн туршид бэлтгэж ирсэн өмнөх үеийн туршлага, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд, үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд, чадварлаг боловсон хүчнийхээ нөөц боломжид тулгуурлан олон улсын хэмжээнд ажиллах чадвартай, манлайлагч, шинэчлэгч, харилцааны өндөр ёс зүйтэй, өрсөлдөх чадвар бүхий бизнесийн удирдагчдыг бэлтгэн гаргахын төлөө чармайн ажиллаж байна.
Монголын улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд буй түүхэн цаг үед бид суралцагчиддаа мэргэжлийн мэдлэг олгохоос илүүтэйгээр тэдэнд насан туршдаа хэрэглэж ашиглахуйц олон талын ур чадварыг бий болгож хөгжүүлэх, хичээл сургалтдаа өрсөлдөөн, оюутны чөлөөт сонголтыг өргөжүүлэх, үйл ажиллагаандаа хариуцлага, нээлттэй ил тод байдлыг нэвтрүүлэх, судалгааныхаа ажлын чанарыг өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг дэс дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Энэ сургуулийг төгссөн төгсөгчид, бас элсэн суралцаж буй оюутнууд, цаашид элсэн суралцах хүсэлтэй хүүхэд залуучууд, бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүсийн өмнө манай үүд хаалга нээлттэй бөгөөд бид та бүхэнд олон улсад магадлан итгэмжлэгдсэн нэр хүндтэй сургалт, чанартай судалгаа, харилцан үр ашигтай бөгөөд эрх тэгш хамтын ажиллагааг санал болгож байна.
Захирлын үүрэг гүйцэтгэгч,
Профессор Н.Батнасан