
Сургуулийн тухай товч мэдээлэл
Анх 1940-өөд оны сүүл үеэс МУИС-д эдийн засгийн дээд боловсролтой мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж эхэлснээр эдийн засаг, бизнесийн чиглэлийн сургууль байгуулагдах үндэс суурь тавигдсан.
1958 онд Эдийн засгийн факультет нэртэйгээр их сургуулийн бүтцийн бие даасан нэгж болон зохион байгуулагджээ.
1959 оны сүүлээр тухайн үеийн эрх баригч намын болон төр засгийн удирдах ажилтныг бэлтгэж байсан Намын дээд сургуулийг татан буулгаж, түүний оронд Д.Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургуулийг МУИС-иас өрх тусгаарлан зохион байгуулжээ. Эдийн засгийн сургууль 1959 оноос Худалдааны эдийн засаг, 1960 оноос Нягтлан бодох бүртгэл, банкны ангиудыг тус сургуулийн бүтцэд шинээр нээсэн нь бизнесийн чиглэлээр үндэсний дээд боловсролтой сэхээтнийг бэлтгэх үйл явцын эхлэл байсан юм.
1967 онд Эдийн засгийн дээд сургуулийг татан буулгаж, МУИС-д буцаан нэгтгэсэн бөгөөд тухайн үед тус сургууль нь төлөвлөлт, санхүү, банк-зээл, бүртгэл шинжилгээ, статистик, салбарын эдийн засаг, инженер эдийн засаг зэрэг төрөл бүрийн мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэдэг үндэсний томоохон сургууль болон бэхэжсэн байв. Эдийн засгийн сургуулийг татан буулгаж, МУИС-д нэгтгэсний дараа Эдийн засгийн факультет (1967-1991), Инженер – эдийн засгийн факультет (1967-1974) гэсэн тусдаа бүтцүүд бий болсон байна.
1990-ээд оноос төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үйл явцыг дагалдан эдийн засгийн сургалт, судалгааны орчин нөхцөлд олон томоохон өөрчлөлтүүд гарсан юм.
Эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтөөс шалтгаалан өмнө нь мэргэжилтэн бэлтгэж байсан олон хөтөлбөр, хичээлүүд үүсэн бий болсон шинэ хэрэгцээ шаардлагыг хангахаа болж, сургалтын агуулгыг үндсээр нь өөрчлөх шаардлага бий болсон. Үүнийг дагалдан сургалт судалгааны уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн шинэ хичээл болон хөтөлбөрүүдийг боловсруулах, дээд боловсролын шаталсан сургалтын тогтолцоо, кредит системийг нэвтрүүлэх, сургалтын арга технологийг шинэчлэх, англи хэл, компьютерийн сургалтуудыг эхлэх, ном сурах бичгүүдийг олшруулах, шинээр бичих, залуу багш нарыг зах зээл өндөр хөгжсөн орнуудад сургаж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, эрдмийн зэрэг цол хамгаалуулах, гадаад орнуудаас өндөр мэргэжлийн эрдэмтдийг урьж ажиллуулах гэх мэт олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.
Бизнесийн сургууль нь Монгол улсын дээд боловсролын шинэчлэл, Монгол улсын их сургуулийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд МУИС-ийн Удирдах Зөвлөлийн 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 05 тоот тушаалаар хуучин Эдийн засгийн сургууль, Худалдааны сургуулийн суурин дээр байгуулагдсан.
