
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх өдөрлөг”-ийг Өмнөговь аймагт зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хороо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, МУИС-ын Бизнесийн сургууль хамтран зохион байгуулсан өдөрлөгөөр иргэдэд санхүүгийн зах зээлийн боломж, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж, санхүүгийн шийдвэрээ зөв гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээлэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, МУИС-ийн БС-ийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, СЗХ-ны орон тооны бус гишүүн Ө.Гэрэлт-Од, БС-ийн санхүүгийн тэнхимийн дэд профессор, Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн Б.Энх-Амгалан болон санхүүгийн тэнхимийн багш нар, холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Арга хэмжээний үеэр санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, үнэт цаасны арилжаанд оролцох боломж, даатгал болон банк бус санхүүгийн салбарын хөгжил, зээлийн мэдээллийн сангийн талаарх мэдээллийг танилцуулж, иргэдийн асуултад мэргэжлийн зөвлөгөө, тайлбар өглөө. Түүнчлэн эрсдэлийн удирдлага, финтек технологийн хөгжил, санхүүгийн зөв хэрэглээний талаар мэдээлэл хүргэж, санхүүгийн гэмт хэрэг, цахим залилангаас урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлан таниулав. Эдгээр нь иргэдэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох, эрсдэлийг үнэлэх, хувийн санхүүгээ хариуцлагатай удирдахад шаардлагатай мэдлэг, мэдээлэл авах боломж бүрдүүлснээрээ ач холбогдолтой байлаа.




